Идэр есийн хүйтэн тачигнаж, ихэнх нутгаар шөнөдөө -30-аас -40 хэм хүрч хүйтэрч байгаа энэ өдрүүдэд иргэд осгох, хөлдөх аюул нүүрлэсээр байна. Урьд шөнө л гэхэд Хэнтий болон Төв аймагт хоёр иргэн харамсалтайгаар осгож амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээр өнгөрсөн 2025 онд улсын хэмжээнд осгож, хөлдөж амь насаа алдсан 141 тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Эдгээр харамсалтай хэргүүдийн дийлэнх нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй шууд холбоотой байгааг хууль хяналтынхан анхааруулж байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед иргэд биеэ авч явах чадвараа алдаж, гудамж талбай, хашаандаа унаж осгох эрсдэл хамгийн өндөр байдаг аж. Амь насаа алдахаас гадна олон иргэн гар, хөлөө хөлдөөж, бүх насаараа хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол цөөнгүй гарсаар байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон хүргэж байна:
- Орон нутагт зорчигчид: Алс замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаалга, шатахууны нөөцөө сайтар шалгах.
- Хүүхэд хамгаалал: Хөдөө орон нутагт амьдарч буй малчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх.
- Архины хэрэглээ: Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах, согтуурсан үедээ ганцаараа замд гарахгүй байх.
- Хөршийн хяналт: Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй иргэн байгаа тохиолдолд яаралтай тусламжийн 102, 103 дугаарт мэдээлж, нэгнийхээ амь насыг авран хамгаалахыг уриалж байна.
1 comment
Сүүлийн үед үнэхээр их хүйтэрч байна, анхааралтай явах хэрэгтэй