АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах хэлэлцээнд ач холбогдол өгөх нь багасаж байгааг Financial Times (FT) сонин эх сурвалжуудаа иш татан мэдээллээ.
Medee.news-ийн дамжуулснаар, АНУ болон Израилийн Ираны эсрэг эхлүүлсэн цэргийн ажиллагаа нь Вашингтоны анхаарлыг Украин дахь зуучлалын үйл явцаас холдуулахад голлон нөлөөлсөн байна. Одоо Вашингтоны хараа Ойрхи Дорнод руу бүрэн чиглэжээ. Үүний зэрэгцээ АНУ ойрын хугацаанд Оросын газрын тосны салбарт шинээр хориг арга хэмжээ авахгүй гэдгээ Европын түншүүддээ мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар тайлбарлахдаа:
“Хэлэлцээний явцад үнэхээр түр завсарлага гарсан. Америкчууд өөр асуудалд давуу эрх олгож байгаа нь ойлгомжтой” хэмээн FT-д дурджээ.
АНУ ийнхүү анхаарлаа Иран руу шилжүүлж буйг нэгэн дипломатч Украин болон Европын Холбооны хувьд “сүйрэл” гэж тодорхойлсон байна. Тэргүүлэх чиглэл ийнхүү өөрчлөгдсөнөөр Вашингтон агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг нэн шаардлагатай зэвсэг нийлүүлэлтийн явц саатах тухай Европын орнуудад урьдчилан мэдэгдсэн байна.
Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас одоогийн нөхцөл байдлыг туйлын асуудалтай байгааг онцолжээ. Тэрээр Ойрхи Дорнод болон Украинд одоо нэг төрлийн “нөөц баялгийн төлөөх өрсөлдөөн” явагдаж байгааг Financial Times-д өгсөн ярилцлагадаа анхааруулсан байна.