Монгол Улсын Засгийн газар 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2026 онд эх оронд зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн спортын тэмцээнүүдийн асуудлыг хэлэлцэж, нийт найман төрлийн томоохон тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Биеийн тамир спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтын дагуу тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улсын болон тив, дэлхийн чанартай тэмцээнүүдийн жагсаалтыг Засгийн газар баталдаг журамтай юм.
2026 онд зохион байгуулах тэмцээний хүрээнд 20 спортын холбоо нийт 29 санал ирүүлснээс хоёр шатны шалгаруулалт явуулж, дараах ангиллаар 8 тэмцээн-ийг улсын төсвийн санхүүжилтээр зохион байгуулахаар болсон байна. Үүнд:
- Олимпын эрхийн оноо олгох 4 тэмцээн
- Дэлхийн чансаа тогтоох 1 тэмцээн
- Дэлхийн цомын эрх олгох 1 тэмцээн
- Олон улс, тивийн зэрэглэлийн 2 тэмцээн
Эдгээрээс спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй арга хэмжээний нэг нь “Counter Strike 2” цахим спортын шилдэг багуудын олон улсын тэмцээн юм. Тус тэмцээн 2026 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын “Аса арена”-д зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 2 тэрбум орчим үзэгч онлайнаар үзнэ гэсэн тооцоолол гарчээ.
Монголд болох олон улсын томоохон тэмцээнүүд
2026 онд Монгол Улсад дараах спортын тэмцээнүүд зохион байгуулагдана.
- Ази тивийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээн
Улаанбаатар хотын “Аса арена”-д 2026 оны 03 сарын 28-наас 04 дүгээр сарын 11-нд эрэгтэй, эмэгтэй төрлөөр явагдана. Монгол Улсад өмнө нь 2007 онд эрэгтэй, 2012 онд эмэгтэй төрөлд зохион байгуулагдаж байжээ. - Ази тивийн аварга шалгаруулах таеквондогийн насанд хүрэгчдийн XXVII тэмцээн
Пүмсэ болон пара спортын ангилалтай тус тэмцээн Монголд анх удаа 3 төрлөөр нэгэн зэрэг 2026 оны 05 сарын 19-25-нд “М банк арена”-д болно. - Ази тивийн аварга шалгаруулах шатрын насанд хүрэгчдийн тэмцээн
Монгол Улсад анх удаа 2026 оны 05 сарын 28-наас 06 сарын 7-нд “Улаанбаатар зочид буудлын цогцолбор”-т зохион байгуулагдана. - Олон улсын чөлөөт бөхийн “Улаанбаатар опен” тэмцээн
Дэлхийн чансаа олгох энэ тэмцээн 2026 оны 06 сарын 4-7-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. - Дэлхийн гранпри сагсан бөмбөгийн 3×3 эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн
2026 оны 06 сарын 19-20-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Шалгарсан багууд дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм. - Дэлхийн их дуулга жүдо бөхийн “Улаанбаатар 2026” тэмцээн
Олон Улсын жүдо бөхийн холбооны олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээн бөгөөд 2026 оны 06 сарын 27-29-нд Буянт-Ухаа спортын ордонд болно. - Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн
2026 оны 08 сарын 5-9-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсад өмнө нь 2015 болон 2017 онд болж байжээ. - “Counter Strike 2” цахим спортын шилдэг 8 багийн тэмцээн
Монгол Улсад анх удаа 2026 оны 12 дугаар сард “Аса арена”-д болно.
Эдгээр олон улсын тэмцээнүүдийг Улаанбаатар хотод зохион байгуулснаар улсын эдийн засагт тодорхой үр өгөөж бий болно гэж үзэж байна. Эдийн засагчдын тооцоогоор тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудалд 1,6 тэрбум, худалдаа үйлчилгээний салбарт 1,1 тэрбум төгрөгийн орлого оруулах боломжтой аж.
Түүнчлэн олон улсын болон тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал болон үйлчилгээний салбарыг идэвхжүүлэх давуу талтай гэж үзэж байна. Мөн монгол тамирчид эх орондоо дэлхийн түвшний өрсөлдөгчидтэй өрсөлдөх боломж бүрдэж, дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагчдын туршлага, ур чадвар дээшлэх ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад, 2025 онд Засгийн газрын 243 дугаар тогтоол-оор олон улс, тив, дэлхийн чанартай 8 тэмцээн-ийг Монгол Улсад зохион байгуулж, улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Тэдгээр тэмцээнд 117 орны 2,786 тамирчин, 121 дасгалжуулагч, 128 шүүгч, 167 албаны хүн болон гадаадын 968 дэмжигч хүрэлцэн ирж, тээврийн салбарт 4 тэрбум, зочид буудалд 1.2 тэрбум, худалдаа үйлчилгээний салбарт 582 сая төгрөг, нийт 5.6 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр өгөөж бий болсон гэсэн судалгаа гарсан байна.