Хэрэв унтахад хэцүү байдаг бол оройн энгийн нэгэн зуршил тус болж мэднэ. Мэргэжилтнүүд нойрны дааварт нөлөөлдөг таван төрлийн ундааг онцолжээ.
Зарим ундаа хурдан нойрсох, шөнийн амралтын чанарыг сайжруулахад тустай байж болно. Мэргэжилтнүүд оройн дадалдаа яг ямар ундаа нэмэх хэрэгтэй, мөн түүнийг хэрхэн зөв хэрэглэх талаар тайлбарласан байна. Энэ тухай Martha Stewart мэдээлжээ.
Хоол зүйч, нутрициологичдын хэлснээр, ийм ундааны нөлөө нь нойрыг зохицуулдаг дааврууд, ялангуяа мелатонин болон серотонинд үзүүлэх нөлөөтэй холбоотой аж. Мөн зарим найрлага нь мэдрэлийн системийг тайвшруулж, стрессийн түвшнийг бууруулахад тусалдаг нь нойр хүрэхэд чухал үүрэгтэй.
Зөвлөж буй ундааны нэг нь интоорын шүүс юм. Энэ нь байгалийн мелатонин, мөн триптофан хэмээх амин хүчлийг биед шингээхэд тусалдаг нэгдлүүдийг агуулдаг. Триптофан нь серотонин болон мелатонин үүсэхэд шаардлагатай. Мөн найрлага дахь полифенолууд үрэвслийг бууруулах, нойронд эерэгээр нөлөөлөх боломжтой гэж үздэг. Гэхдээ байгалийн сахарын агууламж өндөр тул энэ ундааг тохируулан хэрэглэх хэрэгтэйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Ромашканы цай унтахын өмнөх хамгийн түгээмэл сонголтуудын нэг хэвээр байна. Түүний үйлчилгээ нь апигенин хэмээх байгалийн нэгдэлтэй холбоотой бөгөөд энэ бодис тархины рецепторуудтай харилцан үйлчилж, мэдрэлийн системийг тайвшруулахад тусалдаг. Хоол зүйчид ромашканы цайг унтахаас ойролцоогоор 30-45 минутын өмнө уухыг зөвлөж байна.
Өөр нэг сонголт нь үнээний сүү. Сүүнд триптофан, мөн бага хэмжээний мелатонин, серотонин агуулагддаг. Үүнээс гадна сүү нь кальци, магни, D аминдэмийн эх үүсвэр бөгөөд эдгээр нь биеийг тайвшруулах үйл явцад оролцдог. Мэргэжилтнүүдийн хэлснээр, нэг аяга сүүг оройн хоолтой хамт ууж болно.
Ургамлын гаралтай ундаануудаас пассифлорагийн цайг онцолжээ. Энэ нь тайвшруулах үйлчилгээтэй, тархины идэвхийг бууруулж, илүү гүн нойрсоход дэмжлэг үзүүлдэг. Үүнийг ялангуяа мэдрэлийн сэрлийг бууруулах үүрэгтэй ГАМК нейромедиаторт үзүүлэх нөлөөгөөр нь тайлбарладаг байна.
Мөн ариун базилик буюу тулсигийн цай тустай байж болно. Энэ нь адаптоген (стресст дасан зохицоход тусалдаг ургамал) төрлийн ургамал бөгөөд бие махбодыг стрессэд илүү зөв хариу үзүүлэхэд дэмждэг. Тулси кортизолын түвшнийг бууруулж, биеийг бүхэлд нь тайвшруулахад нөлөөлснөөр, ялангуяа ачаалалтай өдрийн дараа нойр хүрэхэд тусалж магадгүй.
Ийм ундаанаас үр дүн авахын тулд мэргэжилтнүүд унтахаас нэгээс хоёр цагийн өмнө 170-225 мл орчмыг уухыг зөвлөсөн байна. Үүнээс их шингэн уувал шөнө сэрэх шалтгаан болж болзошгүй.
Мөн ийм ундааг оройн тогтвортой дадлын нэг хэсэг болгохыг онцолжээ. Тайван орчин, бүдэг гэрэл, дэлгэцийн хэрэглээг багасгах зэрэгтэй хослуулснаар нөлөө нь нэмэгдэж, нойрны чанар сайжрах боломжтой.