Hulu рэппер 50 Cent-ийн амьдралаар баримтат цуврал гаргахаар боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
50 Cent

АНУ-ын “Hulu” стриминг сервис алдарт рэппер 50 Cent буюу Кёртис Жексоны тухай өгүүлэх гурван ангит баримтат цуврал гаргахаар бэлтгэж байна. Энэхүү төслийн эрхийг авахын тулд “Hulu” компани Жексонд 75 сая ам.доллар төлсөн тухай “Deadline” хэвлэл мэдээллээ.

Гурван ангийн туршид 50 Cent-ийн бага нас, хөгжмийн ертөнцөд хөл тавьсан анхны алхмуудаас эхлээд дэлхийн хамгийн амжилттай рэпперүүдийн нэг болох хүртэлх амьдралынх нь түүхийг дэлгэх ажээ. Уг төсөл нь түүний хөгжим, бизнес болон кино урлагийн салбар дахь хувьсал өөрчлөлтийг голчлон харуулах юм. “Энэхүү цуврал нь зөрчил тэмцэл, саад бэрхшээл бүрийг соёлын томоохон нөлөөлөл болгож чадсан эрхэмтэй илүү ойроос, илэн далангүй танилцах боломжийг олгоно” гэж тус хэвлэл онцолсон байна.

Цувралын найруулагчаар өмнө нь “Origins of Hip-Hop” бүтээлийг найруулж байсан Мэндон Ловетт ажиллаж байна. Продюсеруудаар “The Intellectual Property Corporation” (IPC) болон “G-Unit Film & Television” оролцож байгаа бол шоураннераар Патрик Альтема ажиллаж байгаа аж. Цуврал хэзээ үзэгчдийн хүртээл болох тов одоогоор тодорхойгүй байна.

Кёртис Жексон одоо 50 настай бөгөөд түүний карьер 1996 оноос эхэлсэн түүхтэй. Тэрээр “Get Rich or Die Tryin'” болон “The Massacre” цомгуудаараа дэлхий дахинд танигдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 30 сая гаруй цомог борлуулаад байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй