Киргизстан Улсын Иссык-Кульд болсон “Гран при Иссык-Күль” олон улсын тэмцээнд “Хубилай хаан” клубийн “U23” ангиллын тамирчид өрсөлдөж, эхний уралдаануудаасаа амжилттай эхлэл тавилаа. 2026 оны дөрөвдүгээр сарын 11–12-ны өдрүүдэд Иссык-Күль нуурын эрэг дагуу, Балыкчы хотод болсон “Grand Prix Issyk-Kul” олон улсын засмал замын дугуйн уралдаанд Монголын залуу тамирчид хүч сорьсон юм.
Тэмцээний хоёр дахь өдөр болсон 100 км-ийн уулын бөөн гарааны уралдаанд манай багийнхан амжилтаа улам ахиулжээ. Тодруулбал, спортын мастер Ц.Энхпүрэв 2-р байр, СМ И.Билгүүн 5-р байр, СМ Д.Халиунболд 10-р байрт шалгарсан байна.
Ингэснээр эхний өдөр үүссэн цагийн зөрүүг монгол тамирчид нөхөж чаджээ. Хоёр өдрийн нийлбэр дүнгээр СМ И.Билгүүн 4-р байр, СМ Ц.Энхпүрэв 5-р байр, СМ Д.Халиунболд 7-р байрт тус тус шалгарсан байна.
Энэ удаагийн тэмцээнд Узбекистан Улсын 23 хүртэлх насны шигшээ баг, Киргизстан Улсын “Локомотив Манас” континенталь баг, “Достук”, “Золотые колёса”, “Cinele team”, ОХУ-ын 23 хүртэлх насны “Татнефть Вело” баг оролцжээ. Мөн Казахстан, Афганистан, БНХАУ зэрэг улсын тамирчидтай нийлээд нийт 53 дугуйчин өрсөлдсөн байна.
Одоогоор Монголын баг Киргизстан Улсын Бишкек хотод бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлж байгаа аж. Тэд энэ сарын 20-21-ний өдрүүдэд Узбекистан Улсад болох “Гранд Фрикс Фергана” (UCI 2.2 ангилал) тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
- 100 км-ийн уулын бөөн гараанд Ц.Энхпүрэв 2-р байр эзэлсэн
- Хоёр өдрийн нийлбэрээр И.Билгүүн 4-р байр, Ц.Энхпүрэв 5-р байр, Д.Халиунболд 7-р байрт шалгарсан
- Монголын баг дараагийн тэмцээнд Узбекистаныг зорино