“Саньяа-2026” наадамд оролцох Монголын багийг албан ёсоор үдлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Саньяа-2026” наадамд оролцох багийг үдлээ

Арван жилийн завсарлагын дараа дахин зохион байгуулагдаж буй Азийн элсний наадамд оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр албан ёсоор үдэн гаргалаа. Ийнхүү эх орныхоо нэрийг төлөөлөн өрсөлдөх тамирчид “Саньяа-2026” Азийн элсний VI наадам руу мордож байна.

Хятадын Саньяа хотноо болох “Саньяа-2026” Азийн элсний VI наадам ирэх долоо хоногийн лхагва гарагт нээлтээ хийх юм. Арван жилийн дараа эргэн зохион байгуулагдаж буй энэ удаагийн наадам нь Ази тивийн хэмжээнд энэ оны анхны томоохон спортын арга хэмжээнд тооцогдож байгаа бөгөөд нийт 14 спортын 15 төрөлд өрсөлдөөн өрнөнө. Монгол Улсаас уг наадамд спортын найман төрөлд нийт 55 тамирчин хүч сорихоор бүртгэгджээ.

Баг тамирчдыг үдэх ёслол Монголын Үндэсний Олимпын хороонд болсон байна. Энэ үеэр албаны хүмүүс Монголын шигшээ багт амжилт хүсэж, олон улсын тавцанд өндөр амжилт гаргахыг ерөөжээ.

Ёслолын үеэр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг төрийн далбааг Монголын багт гардуулан өгсөн байна. Харин “Саньяа-2026” наадмын Монголын багийн туг баригчаар волейболын тамирчин Г.Хандсүрэн сонгогдсон бол багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллахаар болжээ.

Монголын баг өмнөх Азийн элсний наадамд амжилттай оролцож, 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэн багийн дүнгээр тавдугаар байрт шалгарч байсан түүхтэй. Энэ удаа ч тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготойгоор дэвжээнд гарах юм.

“Саньяа-2026” Азийн элсний VI наадамд Монголын баг дараах төрлүүдэд өрсөлдөнө.

  • Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэй, эмэгтэй баг анх удаа оролцоно
  • Хөнгөн атлетик – 2 тамирчин
  • Элсний гандбол – эмэгтэй 10, эрэгтэй 7 тамирчин
  • Жюү жицү – 12 тамирчин
  • Текбол – 2 тамирчин
  • Элсний волейбол – эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин
  • Элсний бөх – 4 тамирчин

Монголын багийн түрүүч энэ долоо хоногт Хайнань мужийг зорино. Харин наадам дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны хооронд үргэлжлэх хуваарьтай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй