Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдсан «Counter-Strike 2»төрлийн олон улсын томоохон тэмцээн өндөрлөж, Монголын «The MongolZ» баг хүрэл медалийн эзэд боллоо.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн наймд тэд Оросын «PARIVISION» багийг 2:1-ээр буулган авсан ч хагас шигшээд «FUT Esports»-т 0:2-оор ялагдсан юм. Харин гуравдугаар байрын төлөөх шийдвэрлэх тоглолтод Францын «3DMAX» багийг 2:0-ээр илт давуу хожлоо. Энэхүү тулаанд «The MongolZ» нийт 26 үед ялж, ердөө долоон үе алдсан бөгөөд Techno буюу Мөнхболдын Содбаяр тоглолтын шилдэг тоглогчоор тодорсон байна.
Энэ нь тэдний 2026 он гарсаар оролцсон таван том тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байна. «PGL Bucharest 2026»-д гуравдугаар байр эзэлснээр тэд 150,000 ам.долларын шагнал хүртэж, дэлхийн чансааны тавдугаар байрт бичигдэх боллоо.

Монголын баг тамирчдын дараагийн зогсоол нь ирэх тавдугаар сарын 7-нд Казахстаны Астана хотноо эхлэх «PGL Astana 2026» тэмцээн юм. 1.6 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсыг төлөөлөн 1xBet-ийн дэмжлэгтэй оролцож буй «The MongolZ» болон «Huns Esports» багууд хүч үзэхээр бэлтгэж байна.