Шри-Ланкад Тайландаас 110 кг каннабис нэвтрүүлэхийг завдсан 22 лам хуврагийг саатуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шри-Ланкад Тайландаас 110 кг каннабис нэвтрүүлэхийг завдсан 22 лам хуврагийг саатуулжээ

Шри-Ланка улсын олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд Тайландаас ирсэн 22 лам хуврагийн ачаа тээшнээс их хэмжээний хар тамхи илрүүлсэн тухай BBC агентлаг мэдээллээ.

Нийслэл Коломбо хотод газардах үед нь тэдний чемоданыг шалгахад давхар хана бүхий нуувчнаас “Куш” төрлийн 110 кг марихуаныг гаргаж авсан байна. Саатуулагдсан хүмүүсийн дийлэнх нь тус улсын сүм хийдүүдийн оюутан лам нар байжээ. Тэд нэрээ нууцалсан ивээн тэтгэгчийн зардлаар Тайландад дөрөв хоног амарч ирэх замдаа ийнхүү баригдсан байна. Мөн Коломбо хотын захын дүүргээс уг аяллыг зохион байгуулсан 23 дахь лам хуврагийг цагдаа нар баривчлаад байгаа аж. Цагдаа нарын мэдээлж буйгаар, уг зохион байгуулагч нь хамт яваа лам нартаа “энэ бол өргөл барьц” хэмээн итгүүлж, нисэх онгоцны буудал дээр тусгай фургон машин тосч авна гэж хэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад Хар тамхитай тэмцэх товчоо саатуулагдсан хүмүүсийн гар утсыг шалгахад амралтаараа энгийн хувцас өмсөн амарч буй зураг, бичлэгүүд олджээ. Одоогоор хууль сахиулагчид залуу лам нарыг дотор нь юу байгааг мэдээгүй байх магадлалтай гэж таамаглаж байна. Учир нь хар тамхийг чихэр болон хичээлийн хэрэгсэл дунд хольж нуусан байжээ.

Өнгөрсөн ням гарагт буюу 4 дүгээр сарын 26-нд шүүхээс 22 лам хуврагийг үргэлжлүүлэн байцаах зорилгоор долоон хоног саатуулах шийдвэр гаргав. Энэхүү хэрэг нь тус улсын түүхэнд ийм олон тооны шашны зүтгэлтэн нисэх онгоцны буудлаар хар тамхи нэвтрүүлэхийг завдсан анхны тохиолдол болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй