Home Хэрэг зөрчил Францын киноны домогт жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, тэнсэн харгалзах ял авлаа

Францын киноны домогт жүжигчин Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, тэнсэн харгалзах ял авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Жерар Депардье

Мягмар гарагт Францын нэрт жүжигчин Жерар Депардье 2021 онд кино зураг авалтын үеэр хоёр эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтээ 18 сарын тэнсэн харгалзах ял сонслоо. Энэхүү шийдвэр нь Францын кино урлагт хүчирхийлэл, зүй бус хандлагатай тэмцэх шинэ үе эхэлж буйн илрэл болж байна.

Шүүхийн тогтоолын дагуу Депардьег 29,040 еврогоор торгож, түүний нэрийг бэлгийн гэмт хэрэгтнүүдийн үндэсний бүртгэлд оруулах хүсэлт тавигджээ. 76 настай жүжигчин нь “Les Volets Verts” киноны зураг авалтын үеэр 54 настай тайз засагч, 34 настай туслах хоёр эмэгтэйд зөвшөөрөлгүй хүрэлцсэн болохыг тогтоосон байна.

Хэдий Депардье энэ үйлдлээ няцааж, шүүх хуралд биечлэн оролцоогүй ч өмгөөлөгчийнх нь мэдээлснээр тэд шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсон байна.

Хохирогчдын өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг олон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хожсон томоохон ялалт гэж тодорхойлжээ. “Энэ бол зөвхөн хоёр эмэгтэйн ялалт биш, харин кино урлагийн салбарт олон жил үргэлжилсэн нэр нөлөөтэй хүмүүсийн хамгаалалт, дархлааг халах алхам. Каннын наадам эхэлж буй энэ өдөр бид Депардьегийн хохирогчдын талаар эргэцүүлж, уран бүтээлчдийг шүүмжлэлгүй хүлээн зөвшөөрдөг үзэлтэй салах ёс хийх ёстой” гэж өмгөөлөгч онцолжээ.

Өдгөө 250 гаруй кинонд дүр бүтээсэн, Францын урлагийн амьд домог гэгддэг Депардье нь 1991 онд “Сирано де Бержерак” киноны дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан нэгэн.

Шүүхэд өгсөн мэдүүлгийн дагуу тайз засагч эмэгтэй зураг авалтын үеэр нарийн хонгилоор зөрөхдөө Депардьед хоёр хөлийн завсраар нь хуруугаа оруулан чимхүүлж, өгзөг, биеийг нь илж, хүчирхийлэхийг тоглоом мэтээр ярьсан байжээ. Харин хоёр дахь хохирогч түүнийг зураг авалтын хугацаанд гурван удаа хөх, өгзөгт нь хүрсэн гэж мэдүүлсэн байна.

Депардьегийн эсрэг өнгөрсөн жилүүдэд 20 гаруй эмэгтэй ижил төрлийн гомдол гаргасан боловч нотлох баримтын дутагдал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтгааны улмаас хэрэгсэхгүй болж байв. Гэсэн ч энэ удаа анх удаа түүний эсрэг хэргийг шүүх шийдвэрлэж буй нь юм.

Одоогоор түүний нэр холбогдсон өөр хэд хэдэн хэрэг шүүх дээр хүлээгдэж байна. Тухайлбал, жүжигчин Шарлот Арно 2018 онд гэртээ Депардьед хүчирхийлүүлсэн гэж мэдүүлж, 2024 оны наймдугаар сард уг хэрэг прокуророос шүүхэд шилжүүлэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.