AKB48 хамтлагийн гишүүн Мэй Ханада болон “DH Co., Ltd” агентлагийн маргаан шүүхийн тавцанд очихоор болов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
AKB48-ийн Мэй Ханада болон DH Co., Ltd шүүхдэлцэнэ

Японы алдарт “AKB48” охидын хамтлагийн гишүүн Мэй Ханада болон түүний харьяалагдаж байсан “DH Co., Ltd” агентлагийн хоорондох зөрчил улам даамжирч, улмаар хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх дээрээ тулаад байна. Тус хамтлагийн 21 жилийн түүхэн дэх хамгийн том дуулиан болон үргэлжилж буй энэхүү хэрэг нь 2026 оны зургаадугаар сард Ханадаг шүтэн бишрэгчтэйгээ нууцаар уулзсан гэх үндэслэлээр гэрээг нь цуцалснаас үүдэлтэй юм.

Агентлагийн талаас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, түүнийг дүрэм журам зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тухайн мэдэгдэлд “2025 оны 12 дугаар сараас эхлэн, Ханада ажилдаа байнга хоцорч, бие муу хэмээн шалтаг тоочдог болсон. 2026 оны тавдугаар сард бид түүнд эмчилгээний албан ёсны чөлөө олгосон. Энэ чөлөөний үеэр удирдлагаас Мэй Ханада нэгэн тодорхой шүтэн бишрэгчтэй нууцаар байнга уулзаж байгааг тогтоосон. Энэ нь хамтлагийн бусад гишүүдийн аюулгүй байдал, хамтлагийн дүрэм журмыг бүдүүлгээр зөрчсөн хэрэг байлаа. Үзэгчдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзсэн. Түүнийг хамтлагт эргүүлэн авчрах талаар ярилцах гэсэн боловч Ханада болон өмгөөлөгч нь бүрэн татгалзсан” хэмээн тэмдэглэжээ.

Мэй

Энэхүү мэдэгдэл цацагдсанаас ердөө хэдхэн цагийн дараа буюу энэ сарын 23-ны өдөр Мэй Ханада 9 минутын бичлэг хийн, олон нийтэд хандсан юм. Богино хусчихсан үстэй, амны хаалт зүүсэн тэрээр бичлэгийн үеэр нулимс дуслуулан байж өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Мэй Ханадагийн хийсэн бичлэгийн гол агуулга

Тэрээр мэдэгдэлдээ хэд хэдэн чухал зүйлийг онцолсон бөгөөд дараах нөхцөл байдлуудыг дэлгэсэн байна:

  • Дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн байдал: Тэрээр Weverse сүлжээнд байршлаа үлдээж, фенүүдтэйгээ “хөөцөлдөн, нуугдаж” тоглож байгаад гудамжинд нэг фентэйгээ гар барьснаас бус ямар нэгэн романтик болон ойр дотнын харилцаа үүсгээгүй гэдгээ хэлэв.
  • Менежерүүдийн дарамт: Мөрдөн шалгах явцад менежерүүд нь “Чи тэрэнтэй унтсан биз дээ”, “Уулздаг чинь үнэн биз дээ” хэмээн бэлгийн хүчирхийллийн шинжтэй асуултуудаар сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан гэжээ.
  • Үсээ хусах шаардлага: Агентлагийн удирдлагаас түүнд “AKB48-т үлдэхийг хүсэж байвал үнэнч, шударга гэдгээ нотлон, үсээ бүрэн хус” гэх тулган шаардлага тавьсан хэмээн мэдэгдсэн байна.

Мэй Ханада сэтгэл зүйн асар их айдас дунд 3 долоо хоног бодсоны эцэст үсээ хусуулан тайзнаа эргэн гарахыг хичээсэн ч зорилгодоо хүрч чадаагүй аж. Түүний хийсэн бичлэгийн дараа олон нийт Ханадагийн талд зогсож, агентлагийг шүүмжилж эхэлсэн бол компаниас үсээ хусахыг хэзээ ч шаардаагүй хэмээн няцааж, нэр хүндээ хамгаалахаар шүүхэд гомдол гаргахаа илэрхийлжээ. Мөн Мэй Ханада “Надад одоо амь наснаас өөр алдах зүйлгүй болсон. Хамтлагийн бусад охидын эсрэг хийж байсан хууль бус зүйлүүдийн баримт надад байгаа. Энэ бол боолын хөдөлмөр” гэж мэдэгдсэн юм.

Одоогоор Японы хэвлэл мэдээлэл, шоу бизнесийн салбарт Ханадагийн оролцоог бүрэн хязгаарлаж, ажилд урихаа зогсоогоод байна. Гэсэн хэдий ч хуульчдын тайлбарлаж буйгаар, хэрэв Ханада үсээ хусуулах шаардлага тулгасан гэдгийг нотлох аудио болон видео бичлэг шүүхэд гаргаж өгч чадвал энэхүү хэрэгт ялалт байгуулах боломжтой ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй