Table of Contents
Поп од Бритни Спирсийн хуучин нөхөр Кевин Федерлайн санхүүгийн хүндрэлтэй тулгарч, дор хаяж 117,704 ам.долларын өртэй холбоотой нэхэмжлэлд татагдсан талаар Page Six мэдээлжээ.
Шүүхийн баримтад дурдсанаар банк түүнээс үндсэн өрөөс гадна хуримтлагдсан хүүг төлөхийг шаардаж байгаа аж. Нэхэмжлэл Бритни Спирсээс ирдэг байсан тогтмол хүүхдийн тэтгэлгийн сүүлчийн төлбөр дууссаны дараахан гарчээ.
Федерлайн 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлээр банктай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ үеэр Спирсээс ирсэн тэтгэлгийн сүүлийн төлбөр түүний дансанд орсон гэж мэдээлсэн байна.
Сард 40 мянган ам.долларын тэтгэлэг авч байжээ
Кевин Федерлайн Бритни Спирстэй хамт төрүүлсэн хоёр хүү болох Шон Престон, Жейден Жеймс нарынхаа асрамжид зориулан өмнө нь сард 40,000 ам.доллар авч байсан байна.
Хөвгүүд Хавайд амьдарч байх хугацаанд энэ мөнгийг тогтмол төлдөг байжээ. Том хүү нь насанд хүрсний дараа сарын тэтгэлгийн хэмжээ 20,000 ам.доллар болж буурч, бага хүү ахлах сургуулиа төгсөх хүртэл үргэлжилсэн байна.
Федерлайн “You Thought You Knew” нэртэй дурсамж номдоо уг мөнгийг хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах болон ээжтэйгээ хамт амьдарч байх үеийн амьдралын түвшинг хадгалахад зарцуулдаг байсан гэж тайлбарлажээ.
Тэрээр зардлын талаар:
“Сарын зардал 40,000 ам.доллароос амархан давдаг байсан.”
гэж бичсэн байна.
Банк үндсэн өр болон хүүг нэхэмжилжээ
Одоо банк Федерлайнаас үндсэн өрийг бүрэн төлөхөөс гадна хугацаа хэтэрсэн хүүг мөн барагдуулахыг шаардаж байгаа аж.
Нэхэмжлэлд дурдсанаар холбогдох төлбөрийн хугацаанууд 2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны наймдугаар сарын хооронд дууссан эсвэл дуусахаар байсан байна.
Ингэснээр өмнө нь хүүхдийн тэтгэлэг түүний орлогын чухал хэсгийг бүрдүүлдэг байсан бол уг төлбөр зогссоны дараа Федерлайны санхүүгийн асуудал илүү тодорхой болсон гэж эх сурвалж онцолжээ.
Бритни Спирс, Кевин Федерлайн нар 2007 онд салсан
Кевин Федерлайн, Бритни Спирс нар 2004 онд гэрлэж, 2007 онд албан ёсоор салсан юм. Хоёр хүү нь эцэгтэйгээ хамт амьдрах болсон байна.
Page Six-ийн эх сурвалжийн мэдээлснээр Бритни Спирс гуравдугаар сард согтуугаар жолоо барьсан гэх хэрэгт саатуулагдсаны дараа хөвгүүд нь ээждээ дэмжлэг үзүүлсэн гэжээ.
Эх сурвалж тэдний хамт өнгөрүүлсэн цагийг Спирсийн хувьд “жинхэнэ бэлэг”, мөн “хамгийн том баяр баясал” болсон гэж тодорхойлсон байна.
Үүнээс өмнө Бритни Спирсийн нэг хүү поп одын хувийн амьдралтай холбоотой цахим орчинд тархсан зарим таамаг, цуу яриаг мөн няцааж байсан юм.
