“Америк Хангай” нэрээр наадамчин олны танил болсон Лавилл Хангай Маршал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын наадмын барилдааны үеэр өөрт нь шударга бус хандсан талаар цахим хуудсандаа бичлэг нийтэлжээ. Тэрбээр Америкт төрж, өссөн хэдий ч Монголын үндэсний бөхөд дурлаж, карьераа зориулж буй нэгэн юм.
Түүний мэдээлснээр, долдугаар сарын 6-нд болсон Дарьганга сумын наадмын зарим зохион байгуулагчид түүнд шударга бус хандаж, аваргын төлөө барилдах боломжийг нь зориудаар хаасан байна. Маргаантай барилдааны явцын талаар тэрбээр дараах тайлбарыг өглөө.
- Шүүгчдийн шийдвэр: Хоёрын давааны барилдаанд намайг өрсөлдөгчдөө унасан гэж шүүгч хэлсэн.
- Барилдааны явц: Би өрсөлдөгчөө унагах үед түүний тохой, шуу хамгийн түрүүнд газар хүрсэн. Бид зэрэг унаагүй, би ялсан байсан.
- Бичлэг үзүүлээгүй: Шүүгчид барилдааныг дахин нягтлах бичлэгийг надад харуулахаас татгалзсан.
- Үзэгчдийн дарамт: Тухайн үед талбайд байсан үзэгчид над руу хашгирч, хараалын үг хэлж байсан.
Монгол бөхийн дүрмийн дагуу бөхчүүд зэрэг өвдөг шороодсон бол дахин барилдуулах ёстой байдаг тул тэд дахин барилдсан байна. Гэвч Лавилл Хангай Маршал анхны барилдаанд л өөрөө илт ялсан байсан бөгөөд түүнийг ялуулахгүйн тулд ёс зүйгүй, хууль бус үйлдэл гаргасанд туйлын гомдолтой байгаагаа илэрхийллээ.