Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр буюу 2026 оны долдугаар сарын 10-ны өдөр үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Төрийн залгамж чанарыг хадгалах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилготой уг уулзалтад үе үеийн спикерүүд хүрэлцэн ирж, хууль тогтоох байгууллагын шинэчлэл болон цаашдын хөгжлийн талаар санал бодлоо хуваалцсан байна.
Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөн цагаас хойш хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байсан дараах эрхмүүд оролцов.
- Р.Гончигдорж (1990-1992 оны Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 оны УИХ-ын дарга)
- Н.Багабанди (1992-1996 оны УИХ-ын дарга)
- С.Төмөр-Очир (2001-2004 оны УИХ-ын дарга)
- Н.Энхбаяр (2004-2005 оны УИХ-ын дарга)
- Д.Дэмбэрэл (2008-2012 оны УИХ-ын дарга)
- З.Энхболд (2012-2016 оны УИХ-ын дарга)
- М.Энхболд (2016-2019 оны УИХ-ын дарга)
- Г.Занданшатар (2019-2024 оны УИХ-ын дарга)
- Н.Учрал (2025-2026 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан, одоогийн Ерөнхий сайд)
Харин 2007-2008 онд УИХ-ын даргаар ажилласан Төрийн шагналт Д.Лүндээжанцан биеийн байдлын улмаас, 2024-2025 онд УИХ-ын даргаар ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уулзалтад ирж чадаагүй байна.
Парламентын ардчилал ба нээлттэй шинэчлэл
УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 36 жил, шинэ Үндсэн хуулийн дагуу Улсын Их Хурлаа байгуулснаас хойш 34 жил өнгөрснийг дурдлаа. Тэрбээр үе үеийн дарга нар төрийн залгамж чанарыг хадгалж, парламентын ардчилал, хууль дээдлэх ёс, хууль тогтоох байгууллагын бие даасан байдлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.
Мөн парламент болон парламентад суудалтай улс төрийн намууд улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл, хамтын ажиллагааны үр дүнд нээлттэй парламентын шинэчлэлийг урагшлуулж байгааг хэллээ. Түүнчлэн хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болгоход тодорхой ахиц гарсныг онцлон тэмдэглэсэн юм.