АНУ-д Medicaid хүүхдийн хүйс шилжилтийн эмчилгээг санхүүжүүлэхгүй болжээ

0 comments
Medicaid хүүхдийн хүйс шилжилтийн эмчилгээг санхүүжүүлэхгүй

АНУ-ын төрийн Medicaid хөтөлбөр насанд хүрээгүй хүүхдүүдийн хүйс шилжилттэй холбоотой мэс засал болон дааврын эмчилгээг цаашид санхүүжүүлэхгүй гэж Ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social хуудсаараа мэдэгдлээ.

Түүний хэлснээр, энэ шийдвэрийг түүний чиглэлийн дагуу доктор Мехмет Оз зарласан байна.

Medicaid болон CHIP-ийн санхүүжилтэд өөрчлөлт орно

“Өнөөдөр миний даалгавраар доктор Мехмет Оз Medicaid цаашид насанд хүрээгүй хүүхдүүдийн хүйс солиулах мэс засал болон дааврын эмчилгээг санхүүжүүлэхгүй гэж зарлалаа. Бид гэм зэмгүй хүүхдүүдээ залуу биед нь төсөөлшгүй, эргэлт буцалтгүй хор хөнөөл учруулдаг эдгээр мэс ажилбар, процедурт оруулахын төлөө мөнгө төлөхгүй” гэж Трамп бичжээ.

CNBC-ийн мэдээлснээр, шинэ дүрмийн дагуу Medicaid болон Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын улсын хөтөлбөр болох CHIP-ийн хөрөнгийг хүйсийн баталгаажуулах тусламж үйлчилгээ болон трансжендер шилжилтийн эмчилгээнд ашиглах боломжгүй болно.

Хориг 10-р сарын 13-наас хэрэгжинэ

Хоригт бэлгийн бойжилтыг саатуулах эм, дааврын эмчилгээ болон мэс заслын ажиллагаа багтаж байна. Шинэ журам 10-р сарын 13-наас хүчин төгөлдөр болох аж.

Medicaid нь бага орлоготой иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ядуу өрхийн хүүхдүүд болон нийгмийн хамгаалал шаардлагатай бусад бүлэгт эрүүл мэндийн даатгал олгодог төрийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг холбооны болон мужийн төсвөөс санхүүжүүлдэг.

Харин CHIP нь Medicaid-ийн шалгуурт бүрэн нийцдэггүй ч орлого багатай өрхийн хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгал олгодог хөтөлбөр юм.

3-р сард Трамп “Америкийг аврах тухай” хууль гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдэж байсан. Түүний нэг заалт нь эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр “трансжендер хүүхдүүдэд хийдэг гэмтээх мэс заслыг” хориглох тухай байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй