Ланьжоугийн нисэх буудал гурван муурыг нутагшуулсан байна
Хятадын Ланьжоугийн олон улсын нисэх буудал тэнэмэл муурнуудыг асарч эхэлснээр олон нийтийн сүлжээнд ихээхэн эерэг үнэлгээ авчээ. Энэ талаар South China Morning Post мэдээлсэн байна.
Нисэх буудлын ажилтнууд гурван тэнэмэл муурыг үрчилж, суух гарцын ойролцоо шилэн жижиг байшин тохижуулж өгсөн байна. Сошиал хэрэглэгчид уг хэсгийг хошигнон “хулганатай тэмцэх алба” гэж нэрлэх болжээ.
Муурнуудын байранд агааржуулалтын систем, ус уух төхөөрөмж, тоглоомын хэсэг зэрэг шаардлагатай зүйлсийг бүрдүүлсэн байна. Ажилтнууд мөн тэдний өдөр тутмын амьдралын зураг, бичлэгийг тогтмол нийтэлдэг болжээ.
“Муурын эргүүл” хортонгүй орчин бүрдүүлэхэд тусалжээ
Өглөө зорчигч цөөн үед муурнуудыг “эргүүлд” гаргадаг байна. Тэд ачаа тээврийн туузан дамжуулагч, агуулах, гал тогооны хэсгийг тойрон шалгадаг аж.

Оны эхээр муурнууд нисэх буудалд байрласнаас хойш харх алга болсон бөгөөд нисэх буудал химийн бодис хэрэглэхээ зогсоосон гэж мэдээлжээ.
Эдгээр муур өмнө нь шинэ терминалын барилгын талбайд амьдардаг байсан байна. Барилгын ажил дууссаны дараа ажилтнууд тэднийг хөөж явуулахын оронд тухтай орон байр гаргаж өгөхөөр шийджээ.
Одоо олон мянган зорчигч муурнуудын зургийг авч, бичлэгийг нь сошиалд хуваалцаж байна. Хэрэглэгчид уг нисэх буудлыг амьтдад ээлтэй хандлага гаргасан “хамгийн дулаахан” газар хэмээн магтаж байгаа аж.