АНУ-д тээгч эхээс төрсөн 20 хүүхэдтэй зүй бус харьцсан гэх саятан хосыг баривчилжээ

0 comments
АНУ-д 20 хүүхэдтэй зүй бус харьцсан гэх хосыг баривчилжээ

АНУ-ын Лос-Анжелес тойрогт тээгч эхээс төрсөн хүүхдүүдтэй хэрцгий харьцсан хэрэгт сэжиглэгдсэн эхнэр, нөхрийг баривчилжээ.

Associated Press агентлаг Лос-Анжелес тойргийн прокурорын газраас эш татан мэдээлснээр, 66 настай Гуоцзюнь Сюань болон түүний 39 настай эхнэр Сильвия Чжан нарыг хүүхдүүдтэй зүй бус харьцсан хэд хэдэн хэрэг, хүчирхийлэл үйлдэхээр хуйвалдсан, гэмт хэргийг нуун дарагдуулсан болон гэрчүүдэд дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байна.

Тойргийн прокурор Натан Хохман уг хэргийг урьд өмнө байгаагүй тохиолдол гэж тодорхойлжээ.

Мөрдөн шалгах байгууллагын хувилбараар, хос Аркадиа дахь гэртээ тээгч эхийн агентлаг байгуулсан байна. Тэд АНУ даяар тээгч эхчүүдийг хөлсөлж, гэр бүлээ бүрэн болгохын тулд ердөө нэг хүүхэдтэй болохыг хүсэж байна гэж тайлбарладаг байжээ.

“Энэ бол бага насны хүүхдүүдийн хувьд аймшгийн байшин байсан” гэж Хохман хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Мөрдөн шалгалтад хоёр сартайгаас 13 нас хүртэлх нийт 21 хүүхэд хамрагджээ. Тэдний 15-ыг өнгөрсөн онд хосын харшаас гаргаж авсан бол өөр зургаан хүүхэд өөр газруудад байжээ. Хүүхдүүдийн ихэнх нь нэгээс гурван настай байсан байна.

Цагдаагийнхны үзэж байгаагаар, Чжан нэг эсвэл хоёр хүүхдээ өөрөө төрүүлсэн байж болзошгүй бөгөөд бусдыг нь тээгч эхчүүд төрүүлжээ.

Мөрдөн шалгалт 2025 оны 5-р сард хоёр сартай нярайг тархи, гавлын хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэсний дараа эхэлсэн байна. Аркадиагийн цагдаагийн газрын мэдээлснээр, уг гэмтлийг асрагч учруулжээ.

Дараа нь байшинд хүүхдүүд өдөрт хэдэн цаг ширээний ард сууж, асрагчдын хяналт дор байдаг гурван “сургалтын төв” тохижуулсныг тогтоосон байна. Хөдөлгөөн мэдрэгчтэй камерууд өрөөнүүдэд болж буй үйл явдлыг бичдэг бөгөөд байшингийн эзэд том дэлгэцээр хянадаг байжээ.

Прокурорын хэлснээр, бичлэгүүдэд асрагчид хүүхдүүдийг өдөр бүр зодож буй нь харагддаг байна. Нэг бичлэгт Сюань өрөөнд орж ирээд асрагчид хүүхдийг илүү хүчтэй зодохыг тушаасан бол өөр нэг бичлэгт өөрөө зодоонд оролцжээ. Асрагчдад “хүүхдүүдийн биед ил харагдах ул мөр үлдээхгүй байхыг” зааварласан гэж мөрдөн шалгагчид мэдээлсэн байна.

Хэвлэлүүд Сюань, Чжан нарыг “асар чинээлэг цагаачид” гэж тодорхойлжээ. Мөрдөн шалгалтаар тэдний хөрөнгийн хэмжээг илтгэх хэд хэдэн баримт ил болсон байна.

Тухайлбал, хосын нэр дээр 200 гаруй хувийн болон 70 орчим компанийн банкны данс байсан бөгөөд тэдгээрээр жил бүр ойролцоогоор 250 сая ам.долларын мөнгөн гүйлгээ хийгддэг байжээ.

Тэд Лос-Анжелесийн нэр хүндтэй Аркадиа дүүрэгт байрлах тансаг харшид амьдардаг байсан байна. Байшингийн талбай бараг 1 000 ам метр, үнэлгээ нь 3-4 сая ам.доллар аж. Үүнээс гадна хос үл хөдлөх хөрөнгийн менежментийн компанитай.

Шүүх хоёр яллагдагч тус бүрт 20 сая ам.долларын батлан даалт тогтоож, гэрийн хорионд байлгахын зэрэгцээ хүүхдүүдтэй уулзахыг хоригложээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй