АНУ-ын нисэх буудалд өмдөндөө 10 амьд шувуу нуусан эрийг саатуулжээ

0 comments
Майамид өмдөндөө 10 амьд шувуу нуусан эрийг саатуулав

АНУ-ын Майамигийн олон улсын нисэх буудалд өмдөндөө 10 амьд шувуу нууж хил нэвтрүүлэхийг завдсан эрэгтэйг саатуулжээ.

CBS News-ийн мэдээлснээр, Гаванагаас ирсэн Альберто Эрнандес Кастильогийн бэлхүүс, аарцаг орчимд сэжигтэй товойлт байгааг гаалийн ажилтнууд анзаарсан байна. Зорчигч сандарсан байдалтай байсан бөгөөд гаалийн мэдүүлэгтээ ямар нэгэн амьтан авч яваагүй гэж тэмдэглэжээ.

Биед нь үзлэг хийх үед ажилтнууд түүний дотуур хувцаснаас зургаан хуванцар хоолой олсон байна. Савнуудыг биед нь наалдамхай туузаар бэхэлж, хар тороор бүрхжээ. Дотор нь 10 амьд шувуу байсан бөгөөд найм нь шар духт амадин, хоёр нь цэнхэр эвэрт шувуу байжээ.

Хоёр дахь зүйл нь нүүдлийн шувууг хамгаалах хуулийн үйлчлэлд хамрагддаг бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэхийг хориглодог байна. Ийм шувуудыг гэрийн тэжээвэр амьтан болгон худалдах эсвэл шувууны дуулах тэмцээнд оролцуулах зорилгоор хууль бусаар тээвэрлэх тохиолдол гардаг аж.

Кастильо шувуудыг хувийн хэрэгцээндээ авч явсан гэж тайлбарласны дараа нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ. Мөрдөн шалгагчид түүнийг АНУ-ын Загас, зэрлэг амьтны албанаас шаардлагатай зөвшөөрөл аваагүй байсныг тогтоосон байна.

Холбооны прокурорын байгууллага шүүх хурал эхлэх хүртэл түүнийг суллах батлан даалтын хэмжээг 25 000 ам.доллар байхаар санал болгожээ. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй