Table of Contents
АНУ бизнесийн болон жуулчны (В1/В2) виз мэдүүлэгчдээс 20 мянган ам.доллар хүртэлх визний бонд шаардах журмаа байнгын бодлого болгон баталж, нийт 50 орны иргэдийг хамруулаад байна. Тус жагсаалтад Монгол Улс багтсан бөгөөд 2025 онд хэрэгжүүлж байсан туршилтын хөтөлбөрийн бондын дээд хэмжээг 15 мянган ам.доллар байсныг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ.
Энэхүү шийдвэр нь олон улсын тавцанд Монгол Улсын визний эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд хүрснийг харуулсан том дохио болоод байна.
Визний бондын жагсаалтад багтсан орнууд ба шалтгаан
АНУ-ын Төрийн департаментын тайлбарлаж байгаагаар тус бонд нь дараах эрсдэлүүдийг бууруулах зорилготой аж:
- Визний хугацаа хэтрүүлэн үлдэх өндөр хувьтай байх
- Цагаачлалын хууль зөрчих эрсдэл өндөр
- Иргэнээ буцаан авах хамтын ажиллагааны асуудал
- Хил болон аюулгүй байдлын шалгалтын эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн
Жагсаалтад Монгол, Бангладеш, Камбож, Гүрж, Киргиз, Тажикистан, Никарагуа, Тунис зэрэг Ази, Латин Америкийн цөөн орон болон Африкийн олонх орнууд хамрагдаад байна.
Монгол Улс яагаад эрсдэлтэй бүсэд орж ирэв?
Монгол Улс нь терроризмын өндөр эрсдэлтэй орон биш бөгөөд АНУ-тай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд дипломат харилцаа сайн хөгжүүлж ирсэн. Гэвч өнөөдөр Африкийн эрсдэл өндөртэй орнуудтай хамт нэг жагсаалтад орсон нь олон асуулт дагуулж байна.
Америк тал Монголын Засгийн газарт өмнө нь анхааруулга өгч байсан уу, визний хугацаа хэтрүүлэлтийг бууруулах тал дээр хамтарсан шийдэл эрэлхийлж байсан уу гэдэгт албан ёсны тодорхой тайлбар гараагүй байна. Ийм хэмжээний шийдвэр нэг өдрийн дотор гардаггүй бөгөөд 2025 оны туршилтын хөтөлбөрөөс хойш үе шаттайгаар өргөжин хэрэгжиж иржээ.
Элчин сайд Ө.Батбаярт чиглэсэн шүүмжлэл
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Ө.Батбаярын үйл ажиллагааг олон нийтийн сүлжээнд шүүмжлэх иргэд цөөнгүй байна.
“20 мянган ам.долларын визний бонд гэдэг нь зөвхөн санхүүгийн асуудал биш. Энэ нь Монгол Улсын дипломат ажиллагаа болон хоёр улсын итгэлцлийн түвшний нэг үнэлгээ юм.”
Элчин сайд Вашингтонд ямар дипломат хэлэлцээ өрнүүлсэн, АНУ-ын Төрийн департаменттай хэдэн удаа уулзаж Монголыг уг жагсаалтаас гаргах эсвэл шийдвэрийг зөөлрүүлэх чиглэлээр хэрхэн ажилласан нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь дипломат албаны хариуцлагын асуудлыг хөндөхөд хүргэж байна.