“Монголын говь”-ийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулах үнэлгээ үргэлжилж байна

0 comments
Монголын говь

Монголын говийн онцгой экосистемийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчид Монголд хээрийн үнэлгээ хийжээ. Үнэлгээний багтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзаж, нэр дэвшүүлж буй нутаг дэвсгэрийн хамгаалалт болон цаашдын ажлын талаар санал солилцсон байна.

Говийн хамгаалалттай нутгуудад газар дээр нь үнэлгээ хийв

Олон улсын шинжээчид есдүгээр сарын 6-14-ний хооронд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт ажиллажээ. Тэд эдгээр бүсийн байгалийн тогтоц, экосистемийн үнэ цэн, хамгаалалтын менежмент болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн шалгуурт нийцэх боломжийг газар дээр нь судалсан байна.

Хээрийн үнэлгээ нь тухайн газар нутгийн зөвхөн байгалийн өвөрмөц байдлыг бус, хамгаалалтын тогтолцоо хэр үр дүнтэй хэрэгжиж байгааг нягтлах ач холбогдолтой. Ингэснээр “Монголын говь”-ийг олон улсын түвшинд хамгаалах шаардлага, үндэслэлийг илүү нарийвчлан үнэлэх боломж бүрдэх юм.

Мазаалай, хавтгай, хулангийн амьдрах орчныг онцолжээ

Ш.Батбаяр уулзалтын үеэр Монголын говь нь дэлхийд ховор цөлийн экосистемийг харьцангуй бүрэн хадгалж үлдсэн бүс нутаг гэдгийг онцолсон байна. Мөн мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор болон нэн ховор амьтдын амьдрах үндсэн орчин болдгийг дурджээ.

Монголын тал уг байгалийн өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлснээр хамгаалалтын ач холбогдлыг олон улсын түвшинд баталгаажуулах, хамгаалалтын менежментийг улам сайжруулах зорилготой байна. Энэ хүрээнд холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй