Боливийн ойгоос шинжлэх ухаанд шинэ зэрлэг муур бүртгэгджээ

0 comments
Эрдэмтэд сүүлийн 100 гаруй жилд анх удаа муурын шинэ зүйл илрүүллээ

Боливийн ойгоос өмнө нь бие даасан зүйлээр бүртгэгдээгүй жижиг биетэй зэрлэг муур илрүүлсэн талаар судлаачид мэдээлжээ. Орон нутгийнхан “тилкайо” хэмээн нэрлэдэг уг амьтныг генетикийн шинжилгээний дараа тусдаа зүйл болохыг тогтоож, шинжлэх ухааны нэршлээр Leopardus tilcayo хэмээн бүртгэсэн байна.

Судлаачдын мэдээлснээр энэ нь муурын овгийн шинэ зүйл сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд анх удаа тодорхойлогдсон тохиолдол аж. Тилкайо нь ойролцоогоор 46 см урт биетэй, дунджаар 1.4 кг жинтэй жижиг зэрлэг муур юм.

Генетикийн судалгаа шинэ зүйл болохыг баталжээ

Тилкайог өмнө нь танигдсан бусад жижиг зэрлэг муурнаас ялгаатай эсэхийг тогтоохын тулд судлаачид ДНХ-ийн шинжилгээ хийсэн байна. Үр дүн нь уг амьтан тусдаа зүйл болохыг нотолжээ.

Судалгааны ахлах зохиогчдын нэг, National Geographic Explorer Паола Ногалес-Аскаррунз тилкайогийн гадаад төрхийг мөн тодорхойлсон байна. Түүний хэлснээр муурын үс цайвар хүрэн өнгөтэй бөгөөд биеийнх нь гадаргууг жигд бус хэлбэртэй, сарнай санагдуулам толбон хээ бүрхдэг аж.

Боливиос муурын шинэ зүйл илрүүлжээ

Амьдралын хэв маягийг нь цаашид судална

Шинээр бүртгэсэн энэ зэрлэг муурын зан төлөв, үржил, тархац болон экологийн талаар одоогоор мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэхдээ ялгадсанд хийсэн шинжилгээнээс үзэхэд тилкайо жижиг мэрэгчдээр хооллодог байх магадлалтай гэж судлаачид таамаглажээ.

Мөн автомат камерын бичлэгүүдэд уг амьтан ихэвчлэн шөнийн цагаар хөдөлгөөнтэй байгаа нь шөнийн идэвхтэй зүйл байж болохыг харуулсан байна. Судлаачид цаашид амьдрах орчин, тоо толгой болон хамгааллын статусыг нь нарийвчлан тогтоохоор ажиллах юм.

Зургийн эх сурвалж: National Geographic
Эх сурвалж: Reuters

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй