Архангай аймгийн жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн жүдо бөхийн шагналын сан өндөртэй “ARA OPEN-2026” тэмцээнийг 2026 оны долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбогдуулан орон нутаг дахь жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор зохион байгуулсан юм.
Анхдугаар тэмцээнд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, жин тус бүрт хүчтэй өрсөлдөөн өрнүүлэв. Хоёр өдрийн барилдааны дүнгээр Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо таван алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шилжин явах цом болон таван сая төгрөгийн эзэн боллоо.
Багийн дүнгээр “Алдар”-ын араас “Хилчин” спорт хороо, “Женко” клуб удаалсан байна. “Хилчин” спорт хороо дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бол “Женко” клуб хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар гуравдугаар байрт шалгарчээ.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Лхагвадулам түрүүллээ. Өсвөрийн Азийн аваргын хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аваргын 5-р байрын шагналт тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Хилчин” спорт хорооны Б.Хатансүлдийг вазари үнэлгээгээр ялсан байна. Энэ жинд Х.Буянжаргал, У.Анужин нар хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 70 кг-ын дүн:
- С.Лхагвадулам — “Алдар” спорт хороо
- Б.Хатансүлд — “Хилчин” спорт хороо
- Х.Буянжаргал — “Хангай жүдо” клуб
- У.Анужин — “Женко” клуб
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Азийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Н.Мөнхбаяр аваргаллаа. “Женко” клубийн тамирчин тэрбээр финалд “Тэмүүжин” клубийн О.Шинэбаярыг нэмэлт цагт буулган авсан юм. Харин “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн Б.Тэмүүлэн болон Монголын жүдо академийн Н.Жангарай нар хүрэл медаль дээр буулаа.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын дүн:
- Н.Мөнхбаяр — “Женко” клуб
- О.Шинэбаяр — “Тэмүүжин” клуб
- Б.Тэмүүлэн — “Мон-Алтиус Цагаанбаатар академи”
- Н.Жангарай — Монголын жүдо академи
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аваргын хүрэл медальт, улсын хошой аварга Б.Ням-Эрдэнэ жин өгсөн барилдаж түрүүлэв. Тус жинд өсвөрийн Азийн аварга Э.Буян-Өлзий үзүүрлэсэн бол А.Дуламсүрэн, А.Нандин-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.
Эмэгтэйчүүдийн -78 кг-ын дүн:
- Б.Ням-Эрдэнэ — “Женко” клуб
- Э.Буян-Өлзий — “Мон-Алтиус Цагаанбаатар академи”
- А.Дуламсүрэн — “Хилчин” спорт хороо
- А.Нандин-Эрдэнэ — “Чемпионс” клуб
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Парисын “Их дуулга” тэмцээний хүрэл медальт, Улаанбаатарын “Их дуулга”-ын 5-р байрын шагналт, ОУХМ Г.Болор-Очир түрүүллээ. “Алдар” спорт хорооны тамирчин тэрбээр финалд багийнхаа Ц.Дагвадоржийг ялсан байна. Энэ жинд А.Оджавхлан, А.Мөнх-Эрдэнэ нар хүрэл медалийн эзэд болов.
Эрэгтэйчүүдийн 90 кг-ын дүн:
- Г.Болор-Очир — “Алдар” спорт хороо
- Ц.Дагвадорж — “Алдар” спорт хороо
- А.Оджавхлан — “Аварга” сургууль
- А.Мөнх-Эрдэнэ — “Гүрү дожо” клуб
Эмэгтэйчүүдийн +78 кг-д улсын таван удаагийн аварга, ОУХМ А.Адъяасүрэн үндсэн жиндээ итгэл төгс аваргаллаа. “Женко” клубийн Д.Номинзул мөнгөн медаль хүртсэн бол “Бөх Билэгт” дэвжээний Э.Энхзул, Монголын жүдо академийн Б.Хүслэн нар хүрэл медаль авсан байна.
Эмэгтэйчүүдийн +78 кг-ын дүн:
- А.Адъяасүрэн — “Алдар” спорт хороо
- Д.Номинзул — “Женко” клуб
- Э.Энхзул — “Бөх Билэгт” дэвжээ
- Б.Хүслэн — Монголын жүдо академи
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр тэргүүллээ. Тэрбээр финалд Азийн аваргын мөнгөн медальт Г.Алтанбаганатай барилдаж ялсан байна. Энэ жинд улсын шинэ харцага Э.Мөнхжаргал болон А.Энхбаяр нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын дүн:
- Ө.Дүүрэнбаяр — “Алдар”
- Г.Алтанбагана — “Алдар”
- Э.Мөнхжаргал — “Сүлд”
- А.Энхбаяр — “Алдар”
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд “Женко” клубийн Д.Ууганбилэг аваргалж, “Хилчин” спорт хорооны Ц.Ган-Эрдэнэ үзүүрлэв. Монгол Улсын гавьяат тамирчин О.Ууганбаатар болон “Боржин Төв” дэвжээний Б.Хүдэрчулуун нар хүрэл медаль хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын дүн:
- Д.Ууганбилэг — “Женко” клуб
- Ц.Ган-Эрдэнэ — “Хилчин” спорт хороо
- О.Ууганбаатар — “Сүлд” спорт хороо
- Б.Хүдэрчулуун — “Боржин Төв” дэвжээ
“ARA OPEN-2026” тэмцээн ийнхүү жин тус бүрийн аваргуудаа тодруулж, Архангай аймагт жүдо бөхийн шинэ тэмцээний эхлэлийг тавилаа. Орон нутагт өндөр түвшний тамирчдыг нэг дор цуглуулсан уг тэмцээн цаашид жүдо бөхийн хөгжил, залуу тамирчдын өрсөлдөх орчинд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Багийн дүн:
- “Алдар” спорт хороо — 5 алт, 5 мөнгө, 4 хүрэл
- “Хилчин” спорт хороо — 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл
- “Женко” клуб — 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл