Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт энэхүү албан тушаалд томилогдсоноосоо хойш нэг жилийн дараа буюу хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод ирж байна. Тэрбээр анх 2025 оны есдүгээр сард Монголд ирж, Оюу толгойн уурхайтай танилцаж байсан бол энэ удаагийн айлчлал нь Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд Оюу толгой төслийн асуудлаар хэлэлцэж буй хариуцлагатай цаг үед тохиож байна. Түүнийг ажлаа авснаас хойш Рио Тинтогийн хувьцааны ханш 50 гаруй хувиар өссөн бөгөөд тус групп 2025 онд дэлхий даяар 57.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсноос Монгол Улсад 628 сая ам.долларын татвар, АМНАТ төлжээ.
Хөдөөний фермер хүүгээс Дэлхийн уул уурхайн гигантын удирдагч хүртэл
Саймон Тротт нь Баруун Австралийн Wickepin хэмээх жижиг сууринд газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг фермерийн гэр бүлд өссөн тул Австралийн хэвлэлүүд түүнийг “хөдөөний хүү” хэмээн тодорхойлдог. Тэрбээр Баруун Австралийн их сургуулийг хөдөө аж ахуйн шинжлэх ухааны онц зэрэгтэй бакалавр дипломоор 1995 онд төгссөн бөгөөд гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхийн оронд уул уурхайн салбарыг сонгож, 2000 онд Рио Тинто компанид нэгджээ. Тэрбээр 25 жилийн туршлагадаа тус группийн олон төрлийн бизнесийг амжилттай удирдаж, 2018 онд Худалдаа, арилжаа хариуцсан захирал, 2021 онд Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Мөн Juukan Gorge-ийн хэрэг явдлын дараа уугуул иргэдтэй харилцах харилцааг шинэ түвшинд гаргаж, 2025 онд уламжлалт газар эзэмшигчидтэй хамтын удирдлагын гэрээ байгуулсан нь түүний удирдлагын томоохон амжилт болсон юм.
Оюу толгойн стратегийн ач холбогдол ба айлчлалын зорилго
Саймон Тротт Рио Тинтогийн бүтцийг илүү цомхон, төвлөрсөн болгох стратегийн хүрээнд компанийн үйл ажиллагааг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан ба лити гэсэн үндсэн гурван чиглэлд хуваасан байна. Энэхүү шинэ стратегид зэсийн бизнес гол байр суурь эзэлж байгаа бөгөөд Оюу толгой нь 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох хүлээлттэй байна. Түүний энэ удаагийн айлчлал нь Оюу толгой төслийн цаашдын тогтвортой үйлдвэрлэл, Монголын эрх баригчидтай үүсгэсэн харилцан итгэлцлийг улам бүр бататгахад чиглэж байна.
