Японы сүмо бөхийн холбоо Намрын тэмцээний эхний хоёр өдрийн оноолтыг өнөөдөр зарласан бөгөөд ёкозүна Хоошёорюү энэ башёд барилдахгүй өнжихөөр болжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард өвдөгний мэс засалд орсон юм.
Хоошёорюү ёкозүна цол хүртсэнээс хойш есөн башё өнгөрсөн ч аварга цолтойгоор нэг ч удаа түрүүлээгүй бөгөөд гэмтэл бэртлийн асуудалтай байгаа талаар Японы хэвлэлүүд сүүлийн үед онцлон бичиж байна.
Тэрбээр энэ сарын 1-нд болсон цолтой сүмочдын хурлын дараа сэтгүүлчдэд “Намрын тэмцээнд барилдах бодолтой байгаа. Зодоглох эсэхээ оноолт гарах өдрийн өмнө шийднэ” гэж мэдэгдэж байв.
Үүний дараа сүмо сонирхогчид түүнийг гэмтлээ бүрэн эдгээсний дараа барилдахыг хүсэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ дахин амжилтгүй барилдвал зодог тайлах дарамт нэмэгдэж болзошгүйг анхааруулж байжээ.
Харин өнөөдөр түүний багш Тацүнами ояката Хоошёорюүгийн бие болон сэтгэлзүйн байдлын талаар мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр “Барилдах боломж үнэхээр байхгүй байгаа тул Сүмо бөхийн холбоо, бөх сонирхогчдоос хүлцэл өчиж байна. Гэмтэл нь бүрэн эдгэрээд түрүүлэх өрсөлдөөнд орж чадах болсон үед нь барилдуулна. 11 сарын тэмцээнд зодоглох эсэх тодорхойгүй” гэжээ.
Мөн өнгөрсөн Нагоя башёгийн үеэр Хоошёорюүтэй дахин дахин өнжвөл зодог тайлах асуудал яригдаж болзошгүй талаар ярилцсан гэдгээ дурдсан байна.
Тацүнами ояката “Сэтгэлээр унаад хэцүү байгаа. Дээр нь нойргүйдэл. Унтаж чадахгүй байна гэж хэлсэн. Хоолны дуршил байхгүй. 150 кг байснаа 140 кг болж жин хасаад байна” хэмээн шавийнхаа нөхцөл байдлыг тайлбарлажээ.
