Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци (CNPC)-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, шатахууныг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх болон нүүрс-химийн салбарт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны тогтвортой хангамж, ил тод үнийн томьёолол болон төмөр замын логистиктой уялдсан тогтолцоонд шилжихээр тогтсон байна. Тохиролцсоны дагуу CNPC-ээс есдүгээр сард 10 мянган тонн автобензин, 4000 тонн онгоцны түлш, 3000 тонн дизель түлш нийлүүлэхээс гадна манай талаас ес, аравдугаар саруудад нэмэлтээр АИ-92 болон дизель түлш авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.
Олборлолт нэмэгдүүлэх ба Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эд
Тосон-Уул XIX болон Тамсаг XXI талбайн 2026-2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, жилийн олборлолтыг 0.8-1.0 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр техникийн үнэлгээ хийхээр болов. Мөн 2028 онд ашиглалтад орох Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр урт хугацаанд тасралтгүй хангах механизмыг бүрдүүлэхээр АҮЭБЯ, CNPC, “Daqing Oilfield” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан техникийн баг байгуулахаар тогтсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гол чиглэлүүд:
- Шатахууны нийлүүлэлт: Ойрын саруудад шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, цаашид урт хугацааны баталгаат гэрээний чанартай системд шилжих.
- Олборлолт ба хайгуул: Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн олборлолтыг нэмэгдүүлж, шинэ 1-2 талбайд геологи, эдийн засгийн үнэлгээ хамтран хийх.
- Түүхий эдийн хангамж: 2028 онд ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосны нийлүүлэлтийг урт хугацаанд баталгаажуулах.
- Нүүрс-химийн технологи: Нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах.

1 comment
Бензиний үнэ жоохон ч гэсэн буураасай даа, үнэхээр хэцүү байна