Бельгийн Ерөнхий сайд Барт де Веверийн зөвлөх нь түүний муур гэвэл та итгэх үү? Муур сонирхогчид бол эргэлзэхгүй. Харин эргэлзэгчид түр бодох биз.
Үнэндээ Максимус Тексторис Пульхер муур Барт де Веверийн амьдралын, тэр дундаа улс төрийн амьдралын чухал хэсэг болжээ. The Guardian-ий бичсэнээр Максимус одоо улс төрийн “карьертай” хамгийн алдартай муурдын нэг болоод байна.
Бельгийн Ерөнхий сайдын муур сошиал сүлжээний од болжээ
Шотланд нугалаа чихт үүлдрийн Максимус Тексторис Пульхер Instagram-д өөрийн гэсэн хуудастай бөгөөд дагагчдын тоо нь хэдийн 214 мянга давжээ. Хуудас нь идэвхтэй ажиллаж, шинэ пост, Stories тогтмол нийтэлдэг. Аккаунтыг комик хэв маягаар хөтөлдөг нь олон нийтийн анхаарлыг татдаг байна.
Муурын бүтэн нэр нь Ерөнхий сайдын түүх, ялангуяа Ромын түүхэд дуртай зангаас үүдэлтэй, хошин сүрлэг “цол” аж. Де Вевер энэ муурыг асрамжийн газраас авч, түүнд хайр халамжийг харамгүй өгч, хүндэт ноён мэт ханддаг болжээ.
“Миний өрөөнд нэг муур амьдардаг. Тэр саарал өнгөтэй, хулгана барьдаггүй ч би түүнд хайртай хэвээр” гэж улстөрч нэгэнтээ сэтгүүлчдэд ярьжээ.

Ерөнхий сайдын тэжээвэр амьтан зөвхөн мууранд хайртай хүмүүсийг бус, улс төрийг уйтгартай гэж үздэг хүмүүсийг ч хөгжөөдөг. Постууддаа тэрээр улс орны үйл явдлыг товч, заримдаа эзнийхээ хуурай хошин өнгө аясаар тайлбарладаг байна.
Их Британид 6 Ерөнхий сайдыг “үдсэн” муур бий
Их Британид ч улс төрийн карьертай алдартай муур байдгийг та мэдэх үү? Энэ бол саарал-цагаан Ларри муур. NBC News-ийн бичсэнээр тэр энэ оны эхээр ажлынхаа ойг тэмдэглэжээ. Ларри 15 жилийн турш Даунинг-стрит, 10-д албан ёсоор ажиллаж, амьдарч байна. Энэ нь Их Британийн Ерөнхий сайдын албан ёсны өргөө юм. Ларри олон өөр цаг үед британичуудын хувьд тогтвортой байдлын бэлгэ тэмдэг хэвээр үлдсэн. Учир нь энэ хугацаанд тэр аль хэдийн 6 Ерөнхий сайдыг “үдэж” амжжээ.

2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон дөрвөн хөлтнийг Лондоны “Баттерси” амьтны асрамжийн газраас авчирсан байна. Өдгөө Ларри 18 настай бөгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Ахлах хулгана баригч гэсэн албан ёсны цолтой. Түүний үүрэгт эртний тавилгын тав тухыг шалгах, гадаадын зочдыг угтах, мөөрөх, боломж гарвал хааяа хулгана барих болон бусад таатай ажил багтдаг.
Алба хашсан жилүүддээ Ларри дэлхийн олон удирдагчийг харжээ. Нэгэн үед тэр Барак Обаматай хүртэл нөхөрлөж, Лондонд айлчлах үеэр нь Владимир Зеленскийг инээмсэглүүлж байсан. Ларри бараг 20 нас хүрч байгаа ч бие нь сайн бөгөөд ордны карьераа дуусгах бодолгүй байна.
Сонирхуулахад, АНУ-ын Цагаан ордонд ч муурнууд үргэлж амьдарч иржээ. White House History-ийн бичсэнээр тэд XIX зуунаас эхлэн тэнд үзэгдэх болсон бөгөөд өргөөний анхны албан ёсны сахлаг оршин суугчид нь Авраам Линкольны хайртай Табби, Дикси хоёр байв. 1879 онд АНУ-ын түүхэн дэх анхны сиам муур болох Сиам нэртэй муур Цагаан ордонд амьдарч эхэлсэн бөгөөд түүнийг Бангкок дахь Америкийн консул Ерөнхийлөгч Резерфорд Гейзд бэлэглэжээ. Мөн Теодор Рузвельт зургаан хуруутай Слипперс мууртайгаа өргөөг хуваалцдаг байсан. XX зууны төгсгөл, XXI зууны эхэн үеэс муурнууд Цагаан ордонд улам олон үзэгдэх болжээ.