Table of Contents
Цахим орчинд Даян аваргатай холбоотой мэдээлэл тархлаа
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж, Монгол Улсын Даян аварга цол хүртсэн Б.Орхонбаярын хувийн амьдралтай холбоотой асуудал цахим орчинд олны анхаарлыг татаж эхэлжээ.
Тодруулбал, түүний хүүхдийг тээж байсан гэх Б.Б гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан шүүхийн баримт хавсаргасан нийтлэл оруулсан байна.
Тэрээр “Хүссэн цолонд чинь хүртэл би чимээгүй байлаа. Одоо харин илүү их зүйл дэлгэх болно. Хүүхдээ төрөхөд, өнгөрөхөд хүртэл ирдэггүй Даян аварга байж болох уу” хэмээн бичсэн нь олон нийтийн дунд хэлэлцүүлэг үүсгээд байна.
Шүүх 14.5 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байжээ
Уг мэдээллийг shuukh.mn сайтад байршуулсан шүүхийн баримтаар нягтлахад, 2023 оны долоодугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Орхонбаяр болон Б овогтой Б нарт холбогдох иргэний хэрэг хэлэлцэгдсэн байна.
Тухайн хэрэгт эмэгтэй 50 сая төгрөг нэхэмжилсэн гэх бөгөөд шүүхээс Б.Орхонбаяраар эмчилгээний зардалд 5,800,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8,820,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байжээ.
Ингэснээр нийт 14,620,000 төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гарсан байна.
Эмэгтэй шүүхэд ямар тайлбар өгсөн бэ
Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдааны үеэр өгсөн тайлбартаа Б.О гэх барилдааны спортоор хичээллэдэг залуутай 2020 оны хоёрдугаар сараас танилцаж, дотноссон гэж мэдүүлжээ.
Түүний тайлбарт “2020 оны хоёрдугаар сараас эхлэн Б.О гэдэг барилдааны спортоор хичээллэдэг, өөрийн үеийн залуутай танилцан, дотносож түүний яриа хөөрөө, эелдэг занд итгэж, татагдан хайртай болж амьдран суухаар төлөвлөж эхэлсэн. Ингээд амьдралдаа анх удаа 2020 оны тавдугаар сарын эхээр жирэмсэн болсон” гэж дурдсан байна.
Мөн тэрээр Б.О хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүй, үл тоомсорлож, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн гэх агуулгатай тайлбар өгчээ. Үүнээс үүдсэн сэтгэл санааны хямралын улмаас хоёр сарын турш ЭХЭМҮТ-д хэвтэж, улмаар дутуу төрж хүүхэд эндсэн гэж мэдүүлсэн байна.
Б.Орхонбаяр шүүхэд өөр байр суурь илэрхийлжээ
Харин Даян аварга Б.Орхонбаяр шүүхэд өгсөн тайлбартаа Б.Б-тэй фэйсбүүк чатаар танилцаж, тохиолдлоор дотно харилцаанд орсон гэжээ.
Тэрээр “Б.Б-тай фэйсбүүк чатаар танилцаж уулзан тохиолдлоор дотно харилцаанд орсон. Жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд нь би Б.Б-гийн хэлж байгаатай адил уурлаж уцаарлаагүй, чи хүсэж байвал гарга гарга, өөрөө мэд. Гаргавал би авч өсгөе гэж хэлсэн. Бид хоёр үерхээгүй, хамт амьдраагүй, тийм ч дотно байгаагүй. Шарлаад ХӨСҮТ-д хэвтэж байсан тул Б.Б-г төрөх гээд эмнэлэгт байхад нь очиж чадаагүй, харин манай аав очиж эргэн тойрон байнга хамт байсан. Сэтгэлийг нь дэмжих зорилгоор тогтмол холбоотой байж эмнэлэгт үзүүлэх гэж явахад нь хамтдаа явж эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй эм тариаг нь аваачиж өгч байсан. 2021 оны гуравдугаар сарын 08-ны өдөр хүртэл Б.Б-тай холбоотой байсан” хэмээн тайлбар өгч байжээ.
Олон нийтийн анхаарал дахин шүүхийн баримт руу чиглэв
Б.Орхонбаяр наадмаар Даян аварга цол хүртсэний дараа уг шүүхийн баримт болон Б.Б-гийн нийтлэл цахим орчинд дахин идэвхтэй яригдаж эхэлсэн байна.
Хэрэг нь өмнө нь иргэний журмаар шүүхээр хэлэлцэгдэж, тодорхой хэмжээний төлбөр гаргуулах шийдвэртэй байсан ч одоо олон нийтийн зүгээс тухайн үеийн үйл явдал, талуудын тайлбар, шүүхийн шийдвэрийг дахин сөхөж байна.
Албан ёсны тайлбар хүлээгдэж байна
Одоогоор Б.Орхонбаярын зүгээс цахим орчинд дахин тархаж буй уг мэдээлэлтэй холбоотой шинэ тайлбар хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Талуудын хувийн амьдралтай холбоотой эмзэг асуудал учраас олон нийтэд түгсэн мэдээлэл, шүүхийн баримт, тухайн үеийн тайлбарыг салгаж ойлгох шаардлагатай. Харин цаашид Б.Орхонбаяр эсвэл холбогдох талууд албан ёсны байр суурь илэрхийлэх эсэх нь анхаарал татаж байна.