Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг НИТХ дэмжлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Пүрэвдаг

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Хуралдаанд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг хотын даргад нэр дэвшүүлсэн байна.

НИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 80 хувийн саналаар түүнийг дэмжжээ. Улмаар нийслэлийн ИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжлахаар шийдвэрлэв.

Б.Пүрэвдагва нь 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургуульд суралцаж, 2008-2012 онд МУИС-ийг улс төр судлал мэргэжлээр төгссөн байна. Мөн 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалж, 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ.

Түүний ажилласан байдал:

  • 2010-2011 он МАН-ын Бүсийн зохицуулагч
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
  • 2012-2013 он УИХ-ын Тамгын газар референт
  • 2013-2015 он Зүүний хүчний холбооны зохицуулагч
  • 2017-2018 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2020-2024 он НИТХ-ын төлөөлөгч
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2021-2025 МАН-ын Намын байгуулалтын газрын дарга
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2025 оноос МАН-ын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй