Table of Contents
Сингапурт үргэлжилж буй Counter-Strike 2 (CS2)-ын Мэйжор тэмцээний эхний шатанд нэг ч ялалт байгуулж чадаагүй “BC.Game” баг шүүмжлэлийн төвд ороод байна. Тус баг Сингапурын хууль, дүрэмтэй холбоотой шаардлагын улмаас тэмцээнд “GOSH” нэрээр оролцсон ч дараагийн шатанд шалгарч чадсангүй.
Үүний дараа цахим спортын шинжээч, дасгалжуулагч асан Aleksandar “kassad” Trifunović Монголын тоглогч Senzu-г өөр багт шилжиж, ур чадвараа хөгжүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Kassad: Senzu-г FaZe, NAVI эсвэл G2 багт тоглохыг хармаар байна
Сербийн шинжээч kassad “BC.Game”-ийн амжилтгүй оролцооны талаар байр сууриа илэрхийлэхдээ Монголын тоглогч Senzu-гийн ирээдүйг онцолсон байна. Тэрбээр:
“Senzu-г FaZe, NAVI эсвэл G2 аваачмаар байна. Түүнтэй ганцаарчилан ажиллаж, англи хэл болон харилцааны чадварыг нь сайжруулах хэрэгтэй. Түүнийг багийнхаа од болохыг хармаар байна” гэжээ.
Kassad өмнө нь мэргэжлийн тоглогч, дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд өдгөө CS2-ын тэмцээнүүдэд шинжээч, тайлбарлагчаар оролцдог. Тэрбээр “BC.Game”-ийн тоглолтын талаар ярихдаа алдарт тоглогч s1mple-ийг мөн шүүмжилсэн бөгөөд түүний мэдэгдэлд s1mple хариу байр суурь илэрхийлсэн байна.
“BC.Game” нэртэй тоглогчидтой ч эхний шатнаас хасагдлаа
“BC.Game” багийн бүрэлдэхүүнд s1mple, Magisk, Senzu, mzinho зэрэг олон улсын CS2-ын хүрээнд танигдсан тоглогчид багтаж байгаа юм. Гэвч тус баг Сингапурын Мэйжорын эхний шатанд өрсөлдөхдөө нэг ч хожил авч чадалгүй тэмцээнээ дуусгажээ.
Багийн амжилтгүй оролцооны дараа шинжээчид тоглогчдын хамтын ажиллагаа, тоглолтын тогтвортой байдал болон бүрэлдэхүүний цаашдын ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлж эхэлсэн байна. Арваннэгдүгээр сарын 27-нд тэмцээний эхний шатны сүүлийн тоглолтууд болж, хоёрдугаар шатанд өрсөлдөх үлдсэн багууд тодрох юм.
Thorin: mzinho тогтвортой тоглолт үзүүлэх шаардлагатай
Цахим спортын шинжээч Duncan “Thorin” Shields мөн “BC.Game” багийн тоглогчдын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Монголын тоглогч mzinho-гийн тоглолтыг дүгнэхдээ:
“Mzinho-ийн асуудал нь тэр тогтвортой тоглолт үзүүлэхгүй байна. Буудалт нь заримдаа сайн ч ямар ч багт од болох хэмжээнийх биш байна. Гэхдээ тэр дөнгөж 19 настай” хэмээн ярьсан байна.
Thorin-ийн хувьд mzinho-гийн зарим тоглолтын ур чадварыг хүлээн зөвшөөрсөн ч тогтвортой байдлыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.
Senzu “FaZe” багт шилжих боломжтой гэх таамаг гарчээ
Сингапурын Мэйжорын дараа CS2-ын мэргэжлийн багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж магадгүй гэсэн таамаг цахим спортын хүрээнд яригдаж байна. Тухайлбал, “FaZe” багийн тоглогч frozen “Falcons” руу шилжиж болзошгүй гэх мэдээлэл гарчээ. Хэрэв ийм өөрчлөлт болбол түүний оронд Senzu-г авч магадгүй гэсэн хувилбар мөн яригдаж байгаа юм.
Гэхдээ frozen-ийн шилжилт болон Senzu-г “FaZe” багт нэгтгэх талаар албан ёсны шийдвэр гарсан тухай мэдээлэл байхгүй байна. Одоогоор Senzu-гийн баг солих асуудал нь шинжээчдийн санал, тоглогчдын шилжилтийн талаарх таамгийн түвшинд байгаа юм.
“BC.Game”-ийн Мэйжор дахь амжилтгүй оролцоо багийн бүрэлдэхүүний ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг идэвхжүүллээ. Харин Senzu болон mzinho нарын хувьд шинжээчдийн үнэлгээ өөр өөр байгаа ч хоёулангийнх нь цаашдын хөгжил, тоглолтын тогтвортой байдал анхаарлын төвд байна.
