Монгол Улсыг төлөөлөн олон улсын гоо бүсгүйн тэмцээнд оролцсон Т.Уранзүү “Heritage Pageants 2026” тэмцээний хүүхэдтэй ээжүүдийн ангилалд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, шилдэг гурван оролцогчийн нэгээр шалгарсан байна.
Т.Уранзүү тэмцээнээс хүртсэн амжилтынхаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө бүх хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулснаа онцолжээ.
Түүний хувьд “Heritage Pageants 2026” нь зөвхөн гоо бүсгүйчүүдийн өрсөлдөөн бус, Монгол Улсыг төлөөлөн оролцсон нэр төртэй аялал байсан хэмээн дурдсан байна. Мөн олон орны оролцогчтой өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарсан нь өөрийнх нь хувьд онцгой амжилт болсныг илэрхийлжээ.
Өөрийг нь дэмжсэн монголчуудад талархал илэрхийлжээ
Тэмцээний дараа Т.Уранзүү Монголын ард түмэн, гэр бүл болон түүнийг дэмжиж, итгэл хүлээлгэсэн хүмүүст талархал илэрхийлсэн байна. Тэрбээр цахим хуудсандаа:
“Монгол гэдэг нэрийг бахархалтайгаар дуудуулж чадсандаа баяртай байна. Монгол минь мандан бадраг” хэмээн бичжээ.
Ийнхүү Т.Уранзүү олон улсын гоо бүсгүйн тэмцээний хүүхэдтэй ээжүүдийн ангилалд гуравдугаар байр эзэлж, Монгол Улсын нэрийг шагналтнуудын эгнээнд гаргасан байна.
