Table of Contents
Олон улсын цахим спортын томоохон зохион байгуулагч BLAST компани 2027 онд Монгол Улсад анх удаа “BLAST Premier Open” цувралын түүхэн тэмцээнийг зохион байгуулахаа албан ёсоор зарлалаа. “BLAST Open Ulaanbaatar 2027” тэмцээн ирэх оны тавдугаар сарын 10-наас 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай байх юм.
Тэмцээний формат ба оролцох багууд
LAN форматаар Улаанбаатар хотноо шууд тоглогдох тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг тунан өрсөлдөнө. Багуудын бүрэлдэхүүнийг дараах байдлаар тодруулна:
- Шууд урилга (11 баг): Дэлхийн “VRS” чансааг үндэслэн шилдэг 11 багт шууд урилга илгээнэ. Эхний урилгуудыг 2027 оны 3 дугаар сарын 1-ний чансаанд тулгуурлан, 3 дугаар сарын 2-ны өдөр илгээхээр төлөвлөжээ.
- Сонгон шалгаруулалт (5 баг): Үлдсэн 5 эрхийг Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк тивийн бүсийн урьдчилсан шатнаас тодруулна.
- Азийн давуу тал: Тэмцээн Ази тивд, тэр дундаа Монголд зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор Азийн хаалттай сонгон шалгаруулалтаас нэг биш, хоёр баг үндсэн шатанд өрсөлдөх эрхийг авах давуу тал үүсэж байна.
Шагналын сангийн хуваарилалт
Нийт 1.25 сая ам.долларын шагналын санг дараах байдлаар хуваарилж байна:
- 500 мянган ам.доллар: Тэмцээний үндсэн шагналын сан,
- 750 мянган ам.доллар: Тэмцээнд оролцож буй багуудад олгох төлбөр, хуваарилалтад зориулагдана.
Монголын CS нийгэмлэгт ирж буй түүхэн боломж
Улаанбаатар хот энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан нь санамсаргүй хэрэг биш юм. Монголын “The MongolZ” баг “BLAST Austin Major 2025” тэмцээний финалд хүрч, дэлхийн аварга “Vitality” багтай ширүүн өрсөлдөн дэд байр эзэлсэн нь Монголын Counter-Strike-ийн нэр хүндийг дэлхийн тавцанд шинэ шатанд гаргасан билээ.
Үүний зэрэгцээ Монголын үнэнч, идэвхтэй хөгжөөн дэмжигчид өөрийн багийн тоглолтыг цагийн зөрүүг үл харгалзан шөнө, өглөө эртлэн үзэж дэмждэг өндөр соёлтой фэн суурьтай гэдгээрээ олон улсад хэдийнэ танигдсан. BLAST Premier тэмцээн Монголд ирснээр дотоодын үзэгчид анх удаа дэлхийн шилдэг (Tier-1) багуудын тоглолтыг эх орондоо, дэргэдээс нь шууд үзэж, дэмжих ховорхон боломж бүрдэж байна.
2027 оны BLAST-ийн албан ёсны хуанлид Рио-де-Жанейро, Сингапур, Хонконг, Мальта зэрэг дэлхийн томоохон хотууд багтсан бөгөөд Улаанбаатар хот тэдгээрийн нэгээр нэмэгдсэн нь Монголын киберспортын түүхэнд бичигдэх томоохон алхам боллоо.