БНСУ ховордож үгүй болсон хар өрөвтасны популяцийг эх орондоо дахин сэргээхийн тулд Монгол Улсаас дэмжлэг авахаар боллоо. Хоёр орны амьтан судлаачид таван жилийн хугацаатай иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулан, Монголоос шилжүүлэн нутагшуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Хэнтий аймагт хийсэн судалгааны үр дүн
Энэхүү ажлын хүрээнд хоёр улсын хамтарсан судалгааны баг энэ оны зургаадугаар сараас долдугаар сарын сүүлч хүртэл Хэнтий аймгийн алслагдсан ойн бүс болон намгархаг нутгаар өргөн хүрээний хээрийн шинжилгээ хийсэн юм. Судалгаагаар тухайн бүс нутагт хар өрөвтас тогтвортой өсөн үржиж байгааг баталсан хэд хэдэн чухал нөхцөлийг илрүүлжээ.
- Хэнтий аймгийн нутгаас 10 эрүүл ангаахай бүхий долоон үүр шинээр олж тогтоосон,
- Популяцийн нөхцөл байдал хэвийн тул БНСУ-д цөөн тооны бодгаль шилжүүлэн сэргээн нутагшуулах боломжтой гэж дүгнэсэн.
Дээрх судалгааны дүнд тулгуурлан мэргэжилтнүүд БНСУ-д үржлийн тогтвортой сүрэг бий болгох төслийг албан ёсоор үргэлжлүүлэхээр тогтов. Ингэснээр хоёр орны биологичдын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болж байна.
Амьдрах орчны хомсдол ба түүхэн нөхцөл байдал
Хар өрөвтас нь урьд цагт одоогийн БНСУ-ын нутаг дэвсгэрт нүүдэллэн ирж үрждэг байсан ч өнгөрсөн зууны сүүлийн хагаст хурдацтай явагдсан аж үйлдвэржилт, хүний сөрөг нөлөө болон амьдрах орчны хомсдолоос шалтгаалан үржихээ больсон түүхтэй. Хамгийн сүүлд 1968 онд Умард Гёнсан мужийн жижиг тосгонд сүүлийн хос өрөвтас үзэгдэж байжээ.
Түүнээс хойш БНСУ-ын нутагт жилд 20 хүрэхгүй бодгаль зөвхөн өвлийн нүүдлийнхээ замд түр саатахаар ирдэг болсон байна. Тиймээс Монгол Улсаас авчрах шинэ бодгалиуд тус улсад хар өрөвтасны популяцийг эргэн сэргээхэд шийдвэрлэх ач холбогдолтой юм.
2 comments
Манай улс байгаль хамгааллын салбарт бусадтай хамтран ажиллаж байгаад баяртай байна
Хар өрөвтөс шувууг сэргээн нутагшуулах ажил амжилттай болоосой