Эрүүл мэндийн салбар гамшгийн үеийн бэлэн байдлаа шалгаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль

Эрүүл мэндийн салбарын гамшгийн үеийн хариу арга хэмжээ, удирдлагын шийдвэр гаргах чадавх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Сургуулилалтад Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон олон улсын байгууллагууд хамтран оролцож байгаа юм.

Уг арга хэмжээг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд хэрэгжүүлж байна. Сургуулилалтын гол зорилго нь болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал үүссэн үед салбарын тогтвортой ажиллагааг хангах, шуурхай хариу арга хэмжээг жигдрүүлэхэд чиглэжээ.

Сургуулилалтын хүрээнд дараах чиглэлээр дадлага хийнэ.

  1. Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах
  2. Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх
  3. Байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох
  4. Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах
  5. Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн ослын үед ажиллах

Команд штабын сургууль зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, дуурайлган үзүүлэх тактикийн сургуулилалт гэсэн үе шаттай явагдана. Дуурайлган үзүүлэх дадлагыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах дадлага хийх юм.

Сургуулилалтад нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагч оролцож байна. Үүгээр эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй