Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км аяллын жимийг тохижуулж байна

0 comments
Чөчү уулын

Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны захиалгаар хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. Үүний нэг нь Хөвсгөл нуурын эрэг дагуух нийт 15 км урттай, хоёр чиглэл бүхий явган болон морин аяллын жимийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулах ажил юм.

Чөчү уулын өвөрмөц тогтоц

Чөчү уул нь далайн түвшнээс дээш 2,444 метр өндөрт оршдог бөгөөд орой хэсэг нь хавтгай, тэгш тогтоцтой. Энэхүү өвөрмөц тогтоцын ачаар аялагчид Хөвсгөл нуурыг бүхэлд нь болон нуур орчмын уулсыг тольдон харах бүрэн боломжтой байдаг.

Зам тохижилт ба шинээр байгуулагдаж буй өртөөнүүд

Уул өөд гарах 6.3 км замын тохижилтыг “Монголын явган алхалтын холбоо” ТББ гүйцэтгэж байгаа бөгөөд дараах тохижилтын ажлууд хийгдэж байна:

  • Мэдээлэл ба аюулгүй байдал: Олон улсын стандартад нийцсэн чиглүүлэх тэмдэг, тэмдэглэгээ, өртөөний самбар болон аюулгүй байдлын зөвлөмж бүхий мэдээллийн самбаруудыг байршуулж байна.
  • Амрах өртөөнүүд: Аялагчдад зориулан зайн болон өндрийн нарийвчилсан мэдээлэл бүхий дараах амрах цэгүүдийг тохижуулж байна:
    • Горхитой өртөө
    • Савлуурт өртөө
    • Тойрог өртөө
    • Тольдох өртөө

Энэхүү тохижилтын ажлын үр дүнд дотоод, гадаадын жуулчид стандартын шаардлага хангасан, аюулгүй орчинд байгалийн сайхныг ужиглан аялах таатай нөхцөл бүрдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй