БНСУ-ын KBS телевиз наадмын дүрс бичлэгийг андуурч ашигласандаа албан ёсоор уучлал хүслээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
KBS телевиз наадмын дүрс андуурсан алдаандаа уучлал хүслээ

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг сурвалжлахдаа гаргасан алдаандаа тус улсын үндэсний олон нийтийн KBS телевиз албан ёсоор уучлал хүслээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2026 оны 7 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцсон юм. Гэвч уг үйл явдлын мэдээллийг БНСУ-д хүргэхдээ KBS телевиз Өвөр Монголын наадмын дүрс бичлэгийг ашигласан нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж, уучлал гуйхыг шаардахад хүргээд байв.

KBS телевизийн албан ёсны мэдэгдэл:

Тус телевиз өчигдөр гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, дараах тайлбарыг хийжээ.

“Өнгөрсөн 11-ний өдөр KBS телевизийн “News Plaza” мэдээллийн хөтөлбөрөөр цацагдсан Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсын Үндэсний их баяр наадамд оролцох тухай сурвалжлагын дүрс эвлүүлгийн явцад алдаа гарсны улмаас наадамтай холбоотой хэсэгт Монгол Улсын бус, БНХАУ-ын Өвөр Монголын дүрс бичлэгийг андуурч ашиглан нэвтрүүлсэн байна. Олон нийтэд буруу ойлголт төрүүлсэнд хүлцэл өчье”

Ийнхүү БНСУ-ын төрийн мэдээллийн гол суваг гаргасан алдаагаа шуурхай засаж, Монголын ард түмнээс албан ёсоор уучлал хүссэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй