ХМХ: Колумб эмэгтэй нийтийн тээврийн автобустай гэрлэжээ

0 comments
Йелин Лизбет

Колумбид ер бусын явдал болжээ: Богота хотын 35 настай оршин суугч Йелин Лизбет Патиньо TransMilenio нийтийн тээврийн автобусанд дурлаж, түүнтэй гэрлэсэн байна. Энэ талаар Daily Mirror мэдээлжээ.

Нийтлэлийн гол баатар 60 дугаартай автобустай нууцаар гэрлэснээ ярьсан байна. Тэр цагаан даашинз өмсөж, бялуу, хуримын бөгж худалдан авч, нэг найз болон төрөл саднаа урьж үдэшлэг зохион байгуулжээ. Дараа нь эмэгтэй автобустай байгуулсан холбоогоо өөрөө баталгаажуулсан баримт бичиг үйлдсэн байна.

Йелиний хэлснээр, “нөхөртэйгөө” ойр байхын тулд сувилагчаар ажиллаж байсан эмнэлгээсээ гарч, автобусны депод цэвэрлэгчээр ажиллах болжээ.

“Би энд байгаадаа аз жаргалтай байна” гэж эмэгтэй хэлээд, ингэснээрээ “гэр бүлийн үүргээ” биелүүлж, автобусыг хамгаалдаг гэж нэмжээ. Нэг удаа тэр бүр автобусны цонх хагалсан зорчигчтой маргалдсан байна.

Өнгөрсөн сард Йелин “хайртынхаа” дүрстэй шивээс хийлгэжээ.

Тэр гэрлэлтийнхээ талаар айдсаасаа болж олон нийтэд ярихаар шийдсэн байна. Учир нь метро ашиглалтад орсноор 60 дугаарын маршрутыг цуцлах вий гэж санаа зовж байгаа аж. Патиньо хуульчид, хүний эрхийн байгууллагууд болон түүнтэй төстэй харилцаатай хүмүүсээс дэмжлэг авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ ирээдүйд жирийн эрэгтэй хүнтэй харилцаа үүсгэх боломжийг тэр үгүйсгэсэнгүй. Харин одоогоор түүний зүрх сэтгэл бүхэлдээ TransMilenio-д харьяалагдаж байна.

“60 гэсэн тоо намайг үнэхээр татдаг” гэж колумб эмэгтэй хэлжээ.

Тус хэвлэлд бичсэнээр, Патиньо багаасаа объектофили буюу амьгүй биетэд гүн сэтгэл хөдлөлийн холбоо үүсдэг парафилийн эмгэгтэй байжээ. Тэр 10 настайдаа 2200 дугаартай Trans Sandoná хот хоорондын автобусанд дурлаж, түүнд захидал бичдэг байсан байна.

Колумб эмэгтэй автобустай гэрлэжээ
Колумб эмэгтэй автобустай гэрлэжээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй