АНУ-ын Калифорни мужийн Вест-Холливуд хот гурав, дөрөв болон түүнээс олон хүний харилцааг албан ёсоор бүртгэхийг зөвшөөрчээ. Хотын зөвлөл шинэ журмыг санал нэгтэй баталсан бөгөөд ийм холбоонд оролцогчдод ердийн гэр бүлийн хосуудад байдаг зарим эрх зүйн баталгааг олгохоор болсон байна. Энэ талаар Los Angeles Times мэдээлжээ.
Шинэ журам нь хэд хэдэн хүн харилцан зөвшөөрсөн үндсэн дээр хамтран амьдардаг полиамор харилцаанд хамаарна. Нэг холбоонд хэдэн хүн багтахад дээд хязгаар тогтоогоогүй байна.
Бүртгэл ямар эрх олгох вэ?
Бүртгүүлсэн холбооны оролцогчид Вест-Холливудын харьяалалд байдаг эмнэлэг болон хорих газарт бие биетэйгээ уулзах эрхтэй болно.
Мөн орон сууц түрээслэхтэй холбоотой нэмэлт хамгаалалт эдлэх аж. Тухайлбал, холбооны нэг гишүүн байрнаас нүүсэн ч бусад нь үргэлжлүүлэн амьдарч байгаа тохиолдолд зөвхөн энэ шалтгаанаар түрээсийн гэрээг цуцлах боломжгүй болно.
Хотын гадна амьдардаг хүмүүс ч ийм харилцаагаа Вест-Холливудад бүртгүүлэх боломжтой. Гэхдээ хуулиар олгосон эрх нь зөвхөн тухайн хотын харьяаллын хүрээнд үйлчилнэ.
Шинэ журам 12-р сарын 2-ноос хүчин төгөлдөр болохоор төлөвлөжээ.
Албан ёсны гэрлэлт гэж тооцогдохгүй
Олон хүний бүртгэлтэй холбоо нь албан ёсны гэрлэлтэд тооцогдохгүй. Ийм холбооны оролцогчид Калифорни болон АНУ-ын хууль тогтоомжоор эхнэр, нөхөрт олгодог өв залгамжлал, хамтарсан татвар төлөлт, хамтрагчийн эрүүл мэндийн даатгал болон бусад эрхийг автоматаар эдлэхгүй байна.
Энэхүү санаачилгыг 2026 оны хавраас хэлэлцэж эхэлсэн бөгөөд тухайн үед Вест-Холливудын эрх баригчид гэр бүлийн бүтэц, хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байжээ.
Шинэ журмыг дэмжигчид уламжлалт бус гэр бүлийн холбоонд амьдардаг хүмүүст өдөр тутмын болон хууль эрх зүйн асуудлаа шийдэхэд бүртгэл тусална гэж үзэж байна. Харин полиамор нийгэмлэгийн зарим төлөөлөгч илүү төвөгтэй харилцааны хэлбэрүүдийг хамруулахын тулд хуулийг цаашид өргөжүүлэх санал гаргажээ.
Вест-Холливуд ийм холбоог хүлээн зөвшөөрсөн АНУ-ын анхны хот биш юм. Өмнө нь Массачусетс мужийн Сомервилл болон Кембриж хотод ижил төрлийн бүртгэлийн тогтолцоо бий болсон байна.
