Б.Бадамцэцэг: 2022 онд хүртсэн Хөдөлмөрийн хүндэт медаль бол манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Бадамцэцэг шагнал болон цахимд тархсан зургийн талаар тайлбарлав

Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Бадамцэцэг цахим орчинд өрнөөд буй шүүмжлэл болон түүний шагнал, ёслолын арга хэмжээний зурагтай холбоотой асуудалд анх удаа албан ёсны тайлбар өглөө.

“Бид 18,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлсэн”

Тэрбээр цахим орчинд тархсан шагнал гардан авч буй зургийн талаар тайлбарлахдаа:

“Энэхүү зураг нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гардан авсан шагнал бол Хөдөлмөрийн хүндэт медаль юм. Энэ нь зөвхөн надад бус, манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ” хэмээн онцлов.

Б.Бадамцэцэгийн үүсгэн байгуулсан “National Dental Health and Education Foundation” сан нь дараах нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудыг хийж гүйцэтгэжээ:

  • Анхны ажлууд: Алслагдсан сумдын 2,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг, эмчилгээ болон чих хамар хоолой, сэтгэцийн эмч, нүдний эмч, эхо зэрэг нарийн мэргэжлийн цогц үзлэг хийсэн.
  • Уламжлалт үйл ажиллагаа: 2016 оноос эхлэн жил бүр 3–5 эмнэлэгтэй хамтран ажиллаж, жилд дунджаар 300–400 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг уламжлал тогтоосон.
  • Өнөөгийн үр дүн: Тус сангийн хамт олон өнөөдрийг хүртэл нийт 18,000 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлж, 30,000 гаруй эцэг эхэд цахим болон танхимын сургалт зохион байгуулаад байна.

Тэрбээр буруу, ташаа мэдээллээс үүдэн төрийн шагналын нэр хүнд, үнэ цэнэ бүдгэрч байгаад харамсаж буйгаа илэрхийлээд, олон нийтийн дунд үл ойлголцол үүсгэсэн хүмүүсийн өмнөөс хүлцэл өчжээ.

“Цэцэг өргөх ёслолын зургийг мушгин гуйвуулсанд харамсаж байна”

Мөн цэцэг өргөх ёслолын үеэр авсан зураг олон нийтийн сүлжээгээр тарсныг тэрбээр санамсаргүй агшин байсан хэмээн тайлбарлав.

“Хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөсний дараа эргэн алхаж байсан агшинд санамсаргүй буусан нэгхэн хормын зургийг хэсэгчлэн тасалж авч, бодит нөхцөл байдлаас нь салган мушгин гуйвуулж байгаад харамсаж байна. Энэ нь бодит байдлыг илэрхийлэхгүй” гэв.

Тэрбээр цаашид төрийн дэг жаягийг чанд сахиж, ахмад үеэ хүндэтгэх ёсыг эрхэмлэн ажиллахаа мэдэгдлээ. Мөн өөрийгөө дөвийлгөх бус, эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж буй төрийн тусгай алба хаагчдынхаа эрх ашиг, эрүүл мэндийн төлөө хариуцлагатай ажиллах нь түүний гол үүрэг гэдгийг тэмдэглэсэн юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй