Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас санаачлан энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Эрүүл цэвэр орчин” уриан дор бүх нийтийн цэвэрлэгээний аяныг амжилттай зохион байгууллаа. Тус уулын Залаат, Багатэнгэр, Зайсан, Богино, Чандмань, Жаргалант, Түргэн, Төрхурах, Манзушир зэрэг иргэдийн алхах, амрах дуртай гол амуудыг хамарсан уг арга хэмжээнд нийтдээ 1060 гаруй хүн сайн дураараа нэгдэж, 20 гаруй тонн хог хаягдлыг байгалаас цэвэрлэж зайлуулсан байна.
Аяны эхний өдөр ХААИС-ийн 360 гаруй багш, оюутнууд гурван үндсэн чиглэлд хуваагдан байгаль хамгаалахад хувь нэмрээрээ оролцсон юм. Үүний зэрэгцээ Багатэнгэр болон Залаатын аманд үйл ажиллагаа явуулдаг “Нью Тур” ХХК, “MTS” ХХК, “Мон-Ко” ХХК, “Арагдай Маргад” ХХК, “Сийгми” ХХК, “ЧДЧГ” ХХК, “Хүрхрээ Тур” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцож, дангаараа 15 тонн орчим хогийг цуглуулжээ. Эдгээр цугларсан их хэмжээний хаягдлыг Ногоон байгууламж, хот тохижилтын компани тусгай машинаар гурван удаагийн рейсээр ачиж тээвэрлэсэн байна.
Олон нийтийн оролцоотойгоор цуглуулсан хог хаягдлын байршил болон хэмжээг багцалбал:
- Зайсан толгойн орчмоос ХААИС-ийнхан 60 гаруй шуудай;
- Соёмботой уулын чиглэлээс тус сургуулийнхан 88 шуудай;
- Богино болон Чандмань амаас 80 гаруй шуудай хог;
- Зайсан–Дугуй цагаан чиглэлд Төмөр замын их сургууль болон алхалтын клубүүд хамтран 15 шуудай;
- Зайсангийн баруун энгэрээс Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд 36 шуудай хог хаягдал.
Цэвэрлэгээний хоёр дахь өдөр Төмөр замын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, МҮИС-ийн Универсал Политехник коллежийн залуус болон Монголын явган алхалтын холбоо, алхалтын клубүүд, сайн дурын иргэд, дархан цаазат газрын албан хаагчид гээд 700 гаруй хүн нэгджээ. Олон нийтийн энэхүү идэвхтэй оролцооны үр дүнд Богдхан уулын эко системд сөрөг нөлөө үзүүлж байсан хэрэглээний хог хаягдлуудыг шуурхай цэвэрлэж чадсан байна.