Дэлхийн зулайд хүрсэн Монголын 19 дэх уулчин: М.Мөнхөө Эверестийн оргилд гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
М.Мөнхөө

Далайн түвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест уулын оргилд Монголын уулчин М.Мөнхөө амжилттай гарлаа. Өнгөрсөн долоо хоногт авиралтаа эхлүүлсэн тэрбээр өнөөдөр ийнхүү зорилгодоо хүрч, дэлхийн дээвэрт хөл тавьсан Монгол Улсын 19 дэх тамирчнаар албан ёсоор бүртгэгдсэн байна.

Монгол хүн анх Эверестийн оргилд мөрөө гаргаснаас хойш өдгөө 21 жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, 2005 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр анхлан дэлхийн зулайд Монгол Улсын төрийн далбааг мандуулж байсан бол тус оргилд хүрсэн анхны монгол эмэгтэй уулчин нь Гавьяат тамирчин Б.Гангаамаа (2011 он) билээ.

Энэхүү түүхэн хугацаанд дэлхийн хамгийн өндөр ууланд амжилттай авирч, улсынхаа нэрийг гаргасан манай бусад тамирчдыг дурдвал:

  • 2012 онд: ОУХМ С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа;
  • 2018-2023 онд: Ж.Бямбасүрэн (2018), Б.Гантулга (2022), О.Золбоохүү (2023), С.Ганхүү (2023), Ц.Гэрэлт-Од (2023), Ц.Анхбаяр (2023);
  • 2024 онд: Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар оргилд гарсан боловч буух замдаа харамсалтайгаар амь үрэгдсэн;
  • 2025 онд: А.Баттогтох, Б.Батхишиг, Ч.Ариунзул, Б.Нэргүй.

Монголын уулчдын залгамж халаа болон дэлхийн дээвэрт нэрээ мөнхөлсөн М.Мөнхөөгийн энэхүү амжилт нь үндэсний спортын түүхэнд тод хуудас болон үлдэж байна. Түүний тэвчээр, хатуужил, бэлтгэл сургуулилалтын үр дүнд манай улсын уулчдын амжилтын цуваа ийнхүү нэгээр нэмэгдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй