Хятадын Шэньжэнь хотын гудамжинд нэгэн зэрэг бүжиглэсэн 151 роботын үзүүлбэр Гиннессийн дээд амжилтын номд бүртгэгдлээ. Энэ тухай “Le Figaro” сонин мэдээллээ.
Дээд амжилтын номын албан ёсны төлөөлөгч оролцогчдын тоог баталгаажуулсан бөгөөд энэ нь өмнөх дээд амжилт болох 110 роботын үзүүлэлтийг давсан байна.
Уг үзүүлбэрийг Шэньжэнь хотноо зохион байгуулагдаж буй АПЕК-ийн (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа) 33 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулжээ. Бүжиглэж буй роботуудын бүлгийг “EngineAI” компанийн бүтээсэн хүний бодит хэмжээтэй “T800” хүн дүрст робот ахалсан байна.
“T800” роботын өндөр нь 1.73 метр, жин нь 75 орчим кг бөгөөд нарийн төвөгтэй, хурдтай хөдөлгөөнүүдийг гүйцэтгэх чадвартай аж. Энэ нь хүн дүрст роботууд дэлхийн дээд амжилт тогтооход оролцсон анхны тохиолдол болж байна.
“T800” роботуудыг энтертайнмент салбар, үзэсгэлэн яармаг, замын хөдөлгөөний ухаалаг удирдлага, арилжааны үйлчилгээ, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, шинжлэх ухааны судалгаа болон боловсрол зэрэг хамгийн олон төрлийн салбарт ашиглах зориулалттай бүтээжээ.
