ChatGPT нөхрөө хэрхэн хордуулахыг эхнэрт нь зааж өгчээ: Хохирогч эр “OpenAI”-ийг шүүхэд өглөө

0 comments 3 үзэлт
Джеймс Гейтс

АНУ-ын Умард Каролина мужийн оршин суугч нэгэн эр эхнэрт нь өөрийг нь хордуулах төлөвлөгөө боловсруулахад тусалсан гэж үзэн “OpenAI” компанийг шүүхэд өгчээ. Нэхэмжлэгч Жеймс Гейтс бодисын жагсаалт болон тун хэмжээг бичсэн гар бичмэл тэмдэглэл олсон бөгөөд тэдгээрийн заримыг “үхлийн аюултай” хэмээн тэмдэглэсэн байсныг “Bloomberg” агентлаг мэдээллээ.

Нэхэмжлэгчийн тодруулснаар уг тэмдэглэлийн эхэнд “бүх чатыг цэвэрлэх” болон “ChatGPT-ээс гарах” гэсэн санамж бичигдсэн байжээ. Тэрээр нэхэмжлэлээ Калифорни мужийн Дээд шүүхэд гаргасан байна.

Гейтсийн ярьснаар, түүний эхнэр Шерил гэр бүлийн асуудлаасаа болоод чатботод байнга ханддаг байсан аж. Ингэхдээ хиймэл оюун ухаан нь өвөрмөц “цуурайтах танхим” (echo chamber) болон хувирч, нөхөр нь түүнийг мөрдөж, юу ч үгүй гудамжинд гаргахаар зэхэж байна гэсэн эхнэрийнх нь хардлагыг улам дэвэргэж байжээ. Улмаар эхнэр нь өөрийгөө хамгаалах шалтаг заан, олеандр хэмээх ургамал болон түүний хор хөнөөлийн талаар чатботоос асуусан байна. Дэлгэцийн агшингуудаас харахад уг бот үхлийн аюултай тунгийн хэмжээг нарийвчлан зааж өгснөөс гадна задлан шинжилгээгээр уг хорыг илрүүлж чадах эсэх тухай асуултад нь хүртэл хариулсан байжээ.

2025 онд Шерилийг хүний амь бүрэлгэхийг завдсан хэрэгт буруутгасан боловч дөрөвдүгээр сард прокурорын байгууллагаас нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна. Харин “OpenAI” компанийн зүгээс уг хэрэглэгчийг системээсээ блоклож, холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлснээ мэдэгджээ. Компани ботын үүсгэсэн контент нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хамаарна гэж үзэж буй бөгөөд гарсан аливаа гэмт хэрэгт хэрэглэгчид өөрсдөө хариуцлага хүлээх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй