“The MongolZ” баг бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлтүүд хийж эхэлсэн бололтой. Саяхан тус багийн тоглогч Аюш “mzinho” Батболдыг олон улсын баг сонирхож буй мэдээлэл гарсан бол энэ удаад Cobrazera (cobra) үндсэн бүрэлдэхүүнээс сэлгээ рүү шилжиж байгаа тухай ойрын эх сурвалжууд мэдээллээ.
Багийн шинэ стратеги болон тоглогчийн ирээдүй
Тэрбээр хагас жилийн өмнө Senzu-г орлохоор “controlez” багийн дараа The MongolZ-д албан ёсоор нэгдэж байсан юм. Хэдийгээр багийн удирдлага болон тоглогчийн зүгээс хараахан албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч дотоодын цахим спортын хүрээлэлд энэ мэдээлэл хэдийнэ тархаад байна.
Багийн зүгээс түүнийг орлуулахдаа бэлэн, туршлагатай тоглогч хайхаас илүүтэй шинэ, залуу тоглогчдыг туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв тохирох тоглогч олдохгүй бол cobra-ийг үндсэн бүрэлдэхүүндээ эргүүлэн авах бүрэн боломжтой. Гэвч одоогоор түүнийг гадны багууд сонирхож эхэлсэн тул цаашдын карьер нь хаашаа эргэх нь тодорхойгүй байна.
Боломжит шинэ бүрэлдэхүүн
Хэрвээ mzinho болон cobra нарын багаас гарах мэдээлэл албан ёсоор баталгаажвал The MongolZ багийн үндсэн бүрэлдэхүүн дараах байдалтай үлдэнэ:
- Гаридмагнай “bLitz” Бямбасүрэн
- Содбаяр “Techno” Мөнхболд
- Өсөхбаяр “910” Банзрагч
- TBA (Тодорхойгүй)
- TBA (Тодорхойгүй)
Энэхүү шинэчлэлт нь The MongolZ багийн хувьд дараагийн тэмцээнүүдэд тактикийн томоохон өөрчлөлт хийх шаардлагыг бий болгож байна.