АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулагдах 2026 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхлэхэд ердөө долоо хоног үлдээд байхад Мехико хотын төв гудамжуудад өрнөж буй олон нийтийн эсэргүүцлийн жагсаал болон дуусаагүй барилгын ажлууд тус хотыг замбараагүй байдалд оруулжээ.
Reuters агентлагийн мэдээлснээр, хотын төвд багш нарын үйлдвэрчний эвлэлийн жагсаал болж байна. Жагсагчид цалингаа нэмэгдүүлэх, мөн өмнө нь батлагдсан нийгмийн халамж, тэтгэврийн шинэчлэлийг цуцлахыг шаардаж байгаа бөгөөд хэд хэдэн байршилд авто замыг хаагаад байгаа юм.
Вандализмын үйлдэл ба мөргөлдөөн
Жагсагчид Мехико хотын Нийтийн боловсролын газрын байрыг шатаажээ. Хэдхэн өдрийн өмнө тэд Сокало (Zocalo) талбайд баригдаж буй хөгжөөн дэмжигчдийн фан-зон руу дайран орохыг завдсан тул цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн тэмцээнд зориулан босгосон хөлбөмбөгчдийн хөшөөнүүдийг зарим газарт нурааж, дээр нь элдэв зүйл зурж сүйтгэжээ. Харин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй үйлдвэрчний эвлэлийнхэн энэхүү вандализмын үйлдэлд ямар нэгэн холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Багш нарын үйлдвэрчний эвлэлийн зүгээс хэрэв засгийн газар тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол ДАШТ эхэлсэн ч тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв. Багш нараас гадна Мехико хотын төвд тэтгэвэрт гарсан шүүгчид болон шүүхийн ажилтнууд өөрсдийн тэтгэврийн системийг өөрчлөхийг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.
Дуусаагүй барилгын ажлууд
Тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдсэн ч Мехико хотын олон газарт засвар, барилгын ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Мехикогийн олон улсын нисэх онгоцны буудал, хэд хэдэн гол өргөн чөлөө болон метроны шугамуудад засварын ажил ид өрнөж байгаа юм.
ДАШТ-2026 ирэх 6 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор эхлэх бөгөөд энэ өдөр Мехико хотноо Мексик болон Өмнөд Африкийн шигшээ багуудын хооронд анхны тоглолт болох хуваарьтай байна.