Өмнөд Солонгост рекорд халууны улмаас төмс газартаа чанасан мэт болж, ургац их хэмжээгээр сүйджээ. The Guardian-ийн мэдээлснээр, аномаль халуун зарим бүсэд хөрсийг бараг “зуух” мэт болгож, фермерүүдийн ургацад ноцтой хохирол учруулж байна.
Янгу хошууны фермер Ли Сан Хек ердөө долоо хоногийн дотор төмсний ургац нь бараг бүрэн устсан гэж ярьжээ. Хэдхэн хоногийн өмнө ургамлууд хэвийн харагдаж байсан ч хэт халуун үргэлжилсний дараа газрын доорх төмс зөөлөрч, бутарч эхэлсэн байна.
“Чанасан төмс шиг болсон”
“Тэр яг чанасан төмс шиг болсон. Энэ нь ганц, хоёр талбай дээр болж байгаа зүйл биш” гэж фермер гомдолложээ.
Хэт халуун зөвхөн төмсөнд нөлөөлөөгүй байна. Кванжугийн Хон Кен Хи 50 орчим жил тарвас тариалж байгаа ч ийм зүйл өмнө нь харж байгаагүй гэж ярьжээ. Хэдхэн хоногийн өмнө амттай, худалдаанд гаргах боломжтой байсан тарваснууд нэг шөнийн дотор бараг нухаш шиг болж эхэлсэн байна.
Гүзээлзгэний суулгац ч сүйджээ
Гүзээлзгэнэ тариалагчдын хувьд хэдэн сарын турш ургуулсан суулгацууд халуунд устжээ. Гэвч зарим фермер даатгалын нөхөн төлбөр авч чадахгүй байж магадгүй байна. Учир нь одоогийн даатгалын систем бүх төрлийн ургамал болон бүх төрлийн хохирлыг хамардаггүй аж.
Өмнө нь Өмнөд Солонгост аномаль халууны улмаас сүүдэртэй замаар маршрут гаргадаг апп гарч, хэрэглэгчдийн дунд алдартай болсон тухай мэдээлж байсан.