Грекийн Сирос аралд муур асарч, хариуд нь үнэгүй байрлах сонирхолтой хүмүүст зориулсан ерөнхий санал тавьж байна. Энэ талаар Германы Bild хэвлэл мэдээлжээ.
Амьтан хамгааллын Syroscats байгууллага 2027 онд ажиллах волонтеруудыг (сайн дурын ажилтнуудыг) хайж байгаа аж. Тэдэнд Эгейн тэнгист орших Сирос аралд үнэгүй байр, өглөөний цай болон байрны ашиглалтын зардлыг (коммуналь төлбөр) бүрэн даах санал тавьж байна. Волонтерууд үүний хариуд долоо хоногийн таван өдөр, өдөрт ойролцоогоор таван цагийг нутгийн муурнуудыг асрахад зориулах шаардлагатай.
Хөтөлбөрийн бүртгэл ирэх есдүгээр сараас эхэлнэ. Тус байгууллагаас аралд хамгийн багадаа нэг сар байрлах боломжтой, бие даан ажиллах чадвартай, 25-аас дээш насны ганц бие хүмүүс эсвэл хосуудыг хайж байгаа юм. Мал эмнэлгийн туслах эсвэл орон гэргүй муурнуудтай ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг түлхүү хүлээж авах ч амьтанд хайртай хэн бүхэн өргөдлөө гаргах боломжтой ажээ.
Ажилд ямар нэгэн цалин хөлс олгохгүй ч волонтерууд ажлын цагаасаа бусад үед жуулчны хувиар амарч, аялах боломжтой. Сирос арал нь Грекийн бусад арлуудыг бодвол жуулчдын хөдөлгөөн харьцангуй бага, тайван бүсэд тооцогддог бөгөөд тэнд үзэсгэлэнт далайн эрэг, жижиг булангууд, өвөрмөц уран барилга, кафе болон ресторанууд олон байдаг байна.