Дэлхийн хамгийн өндөр настай хөлбөмбөгчин 59 насандаа гэрээгээ сунгалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кадзуеси Миура

Японы домогт довтлогч Кадзуёси Миура 59 насандаа мэргэжлийн хөлбөмбөгчний карьераа үргэлжлүүлэхээр болж, дахин нэг улирал ногоон талбайд гарахаар бэлтгэж байна.

Тэрээр өөрийн харьяалагддаг Японы “Иокогама” клубтэй байгуулсан гэрээгээ дахин сунгаж чадлаа. Харин ирэх улиралд тэрээр илүү их тоглолтын цаг авахын тулд Японы хөлбөмбөгийн гуравдугаар дивизионы (J3) “Фукушима Юнайтед” багт зээлийн эрхтэйгээр тоглохоор шилжсэн байна.

“Кинг Казу”-гийн түүхэн замнал

Кадзуёси Миура бол дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд албан ёсоор бүртгэлтэй, одоог хүртэл идэвхтэй тоглож буй хамгийн өндөр настай мэргэжлийн хөлбөмбөгчин билээ.

  • Карьерын эхлэл: Тэрээр хөлбөмбөгийн замналаа бүр тэртээ 1982 онд Бразилаас эхлүүлж байжээ.
  • Тоглож байсан алдартай багууд: Тэрээр карьерынхаа туршид Бразилын алдартай “Сантос”, Хорватын “Динамо Загреб”, Италийн “Женоа” болон Европын, Азийн хэд хэдэн нэр хүндтэй багуудад хүчин зүтгэж явсан арвин түүхтэй.

Шигшээ багийн амжилт

Хөлбөмбөгийн хорхойтнууд түүнийг “Кинг Казу” хэмээн хүндэтгэн дууддаг. Миура Японы үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 89 тоглолтод оролцож, 55 гоол оруулсан байдаг бөгөөд шигшээ багийнхаа төлөөх хамгийн сүүлчийн тоглолтоо 2000 онд хийж байжээ.

Спортын ертөнцөд “Нас бол зүгээр л тоо” гэдгийг биеэрээ батлан харуулж, 60 насны босго руу дөхөж яваа ч гутлаа хананд өлгөх бодолгүй байгаа “Кинг Казу”-д амжилт хүсье!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй