Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв: Баруун зүгт халуун, зүүн зүгт хур тунадас ахиу байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна

Наадам хуурын чимээ ойртсон долдугаар сар хаяанд ирлээ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан урьдчилсан төлөвөөр энэ сард Монгол орны цаг агаар бүс нутгаасаа хамааран нэлээд ялгаатай байх нь ээ. Тодруулбал, нутгийн баруун хагас олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай байх бол зүүн аймгуудаар сэрүүхэн, бороо хуртай байх төлөв гарчээ. Сарын эхээр баруун зүгт халж байхад, зүүн зүгт эрс сэрүүсэж, аадар бороо орох тул малчид, аялагчид цаг агаарын байдлыг цаг тухай бүрд нь анхаарч байхыг зөвлөж байна.

Бүс нутгуудын цаг агаарын ерөнхий төлөв байдал

Энэ сард манай орны өнцөг булан бүрд цаг агаар ямар байхыг дараах хураангуй хүснэгтээс харах боломжтой.

Бүс нутагАгаарын температурХур тунадасны хэмжээ
Баруун аймгуудОлон жилийн дунджаас дулаан (Завханы зүүн, Баянхонгорын хойгуур дундаж)Дунджаас бага (Баянхонгор, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр дундаж)
Төвийн аймгуудНийт нутгаар олон жилийн дунджийн орчимДунджийн орчим (Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу)
Зүүн аймгуудДунджаас бага буюу сэрүүн (Хэнтийн баруун хэсгээр дундаж)Олон жилийн дунджаас ахиу (Дорнодын өмнөд хэсгээр дундаж)
Говийн аймгуудНийт нутгаар дунджийн орчим (Өмнөговийн баруун хэсгээр дулаан)Нийт нутгаар олон жилийн дунджийн орчим

Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Сарын хоёрдугаар арав хоног буюу монголчуудын тэсэн ядан хүлээдэг Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан, налгар байх төлөвтэй байна. Гэхдээ нутгийн зүүн хэсгээр зарим хугацаанд сэрүүсэж, хур тунадас ахиу орох магадлалтай тул наадамчид дээл хувцас, шүхрээ зэхэхэд буруудахгүй шүү.

Бүс нутгийн нарийвчилсан цаг уурын төлөв

Баруун болон Төвийн аймгууд

Баруун зүгийн нутгаар сарын эхээр ихэнхдээ дулаан байх ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр түр хугацаанд сэрүүснэ. Сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй. Төвийн аймгуудын хувьд сарын эхээр дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дундаас сэрүүснэ. Цаашдаа хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үеэр олон жилийн дунджаас 1–2°C-аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар нэлээд дулаахан байх нь ээ.

Зүүн болон Говийн аймгууд

Зүүн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэрээ олон жилийн дунджаас 3–5°C-аар бага буюу нэлээд жиндүү байх төлөв гарчээ. Хур тунадасны тухайд нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо, аадар бороо орж, салхи ширүүсэж болзошгүй байна. Говийн нутгаар сарын эхээр дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай.

Сарын турш анхаарах цаг уурын онцлох үеүд

  • Сарын эхэн үе: Зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орно.
  • Нэгдүгээр арав хоногийн дунд үе: Баруун, Төв болон Говийн аймгуудаар агаарын температур буурч, сэрүүснэ.
  • Хоёрдугаар арав хоногийн сүүл: Баруун, Төв болон Говийн нутгаар бороо, аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй.
  • Гуравдугаар арав хоногийн сүүлч: Зүүн болон Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй