Table of Contents
БНСУ-аас аяллын гараагаа эхэлж, БНХАУ болон ОХУ-ыг дамжин манай улсад ирээд буй дугуйтай аялагч, юүтүбэр Жон Сүгём “Isee” сайтын “Social ID” буланд зочноор оролцлоо. Тэрбээр Монголд хоёр сарын хугацаанд саатан аялах бөгөөд цаашид Төв Азийн орнуудыг зорихоор төлөвлөөд буй зоригтой залуу юм. Саяхан түүнийг Зүүнхараа орчимд хоноглохоор майхнаа барих үедээ унадаг дугуйгаа алдаж, улмаар цахим орчны тусламжтайгаар богино хугацаанд эргүүлэн олсон үйл явдлыг олон нийт сайн мэдэж байгаа билээ.
Зүүнхараагийн хэрэг явдал: “Би хуулгай гэж огт бодоогүй”
Жон Сүгём аялалынхаа явцад туйлын их ядарсан үедээ нэгэн өгсүүр газарт майхнаа барихаар шийджээ. Тэрбээр дугуйгаа замын хажууд хэвтүүлж үлдээгээд дээш гарч, майхнаа барин юм идэж суух хооронд ердөө 30 минут өнгөрөхөд дугуй нь алга болсон байна. Тэрбээр энэ тухай ярихдаа: “Би замын хажууд дугуйгаа хэвтүүлээд үлдээчихсэн юм л даа. Харагдах байдал нь яг л хаягдсан дугуй шиг байсан байх. Хэвтүүлээд тавьчихсан, дээрээс нь ойр хавьд нь ямар ч хүн байхгүй байсан учраас хулгай гэж огт бодоогүй” хэмээн тайлбарлаж, цагдаад мэдэгдээгүй шалтгаанаа өөрийн буруугаас болсон гэж үзсэнтэй холбожээ. Аав нь хүртэл түүнд “хэвтүүлээд тавихаар чинь хүн хаячихсан юм байна гэж ойлгоод аваад явна шүү дээ” гэж хэлсэн байна.
Тухайн үед майхан руу нь гарч ирсэн хоёр монгол иргэн түүнд тусалж, Улаанбаатар хотод хүргэж өгсөн байна. Үүний дараа тэрбээр Дарханд тааралдсан солонгос аялагчаар дамжуулан Монголын мотоциклтой аялагч н.Сүхнаран-тай холбогдож, цахим орчинд мэдээлэл түгээснээр дугуйгаа маш шуурхай олж авч чаджээ. Дугуйг нь олж өгсөн хүн болон буудлын захирал нь хүртэл түүнийг шууд таньж байсанд аялагч залуу ихэд гайхаж, баярласан байна.
Монголыг зорьсон шалтгаан ба Төв Азийн маршрут
Жон Сүгём өмнө нь Монголд ирж байсан юүтүбэрүүдийн бичлэг болон “Physical Asia” шоуг үзээд монголчуудын найрсаг, тусархаг занг биширч, заавал ирнэ гэсэн зорилго тавьсан аж. Тэр дундаа тулаанч О.Энх-Оргил-ыг хамгийн их дэмждэг бөгөөд өөрөө ч өмнө нь боксоор хичээллэдэг байжээ. Монголын хилээр орж ирэхэд л портерын жолооч ах болон Сэлэнгийн кофе шопын захирал нар солонгосоор ярьж угтсан нь түүнд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн байна.
Нийт нэг жилийн хугацаанд үргэлжлэх түүний аяллын дараагийн чиглэл Төв Ази болон Европын уулзвар орнууд байх юм. Хэрэв төсөвлөсөн мөнгө нь дуусчихвал Солонгос руугаа буцна гэдгээ тэрбээр нуугаагүй бөгөөд түүний ирээдүйн гол зорилго бол орон орны соёлыг судалж, өөрийн гэсэн зочны байшинг (guest house) нээх аж.
Түүний ирэх нэг жилийн хугацаанд дугуйтай туулахаар төлөвлөсэн улсуудын маршрутад дараах орнууд багтжээ:
- Казаксан
- Киргизстан
- Узбекстан
- Азербайжан
- Жоржиа
- Турк
“Бүх Монголчуудын өмнө сөгдөж мөргөмөөр байна”
Монголд байх хоёр сарын хугацаандаа Булган аймаг руу аялахаар төлөвлөж буй тэрбээр морь унаж, монгол гэрт хонон, шөнийн одод харахыг хүсэж байна. Мөн мах орсон хуушуур, бууз зэрэг монгол хоолонд маш их дуртай болжээ. Дугуйгаа алдсан байх хугацаанд гурван ч монгол хүн “би чамд дугуйгаа өгье” гэж хандсан нь түүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн байна.
Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд монголчуудад хандан чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм. Жон Сүгём хэлэхдээ: “Та бүхэнд маш их баярлалаа. Солонгосчууд хамгийн их хүндэтгэдэг хүмүүстээ өвдөг дээрээ сөхөрч сууж байгаад мөргөж хүндэтгэлээ үзүүлдэг юм. Хэрвээ болдог бол монголын бүх хүмүүст би ингэж мөргөж талархлаа илэрхийлмээр байгаа” хэмээн өгүүлж, монголчуудын сайхан сэтгэлд хамгийн өндөр хүндэтгэлээ үзүүллээ.