Америкийн алдартай дуучин Пинк урт хугацааны дараа анх удаа гэр бүлийнхээ хамт олны өмнө ил гарлаа. Тэрээр Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Tony Awards” наадмын улаан хивсний ёслолд нөхөр, хүүхдүүд болон ээжийнхээ хамт хүрэлцэн ирсэн байна. Дуучин бүсгүй энэхүү үйл явдлын нандин агшнуудаасаа өөрийн Инстаграм хуудастаа хуваалцжээ.
Пинкийн охин Уиллоу өдгөө 15 настай бол хүү Жэймсон нь 9 настай юм. Тэрээр хүүхдүүдээ мото уралдаанч нөхөр Кэри Харт-ын хамт өсгөж байгаа билээ. Тэд анх 2001 онд танилцаж, таван жилийн дараа гэрлэсэн ч амьдралынхаа явцад хэд хэдэн удаа салж, эргэж нийлж байсан түүхтэй. Дуучин бүсгүй жинхэнэ бат бөх гэр бүлийг цогцлоож, амьдралын ухаан суухын тулд маш олон даваа нугачааг туулснаа нуудаггүй байна.
Өдгөө түүний охин Уиллоу урлагийн салбарт хүч үзэж байгаа бөгөөд Пинкийн концертууд дээр тогтмол хамтран дуулдаг аж. Пинк охиноо маш авьяаслаг, хөдөлмөрч нэгэн гэж үздэг тул түүнийг өөрийнх нь мөрийг хөөх шийдвэр гаргахад нь үргэлж дэмжиж, тусалдаг байна.
Охиндоо өгсөн сэтгэлийн дэмжлэг
Өмнө нь Уиллоу охин өөрийгөө хөөрхөн биш гэж бодон, хөвгүүн шиг гадаад төрхөөсөө ичдэг байжээ. Үе тэнгийнхэн нь түүнийг гадаад төрхөөр нь шоглож, үүндээ охин маш их шаналдаг байсныг мэдсэн Пинк олон нийтийн өмнө охиноо албан ёсоор дэмжихээр шийдэж байв.
Тэрээр “Video Vanguard Award” нэр хүндтэй шагналыг гардан авах үедээ тайзан дээрээс охиндоо хандан үг хэлж, өвөрмөц гадаад төрхтэй хэдий ч дэлхийг байлдан дагуулж чадсан алдартай оддын зургуудыг харуулсан сонирхолтой илтгэл тавьж байсан юм. Сэтгэл хөдөлгөм үгийнхээ төгсгөлд Пинк охиноо хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг онцолж, түүнд хэчнээн хайртайгаа зарлаж байсан билээ.